“Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоган дэлхий дахинд энхтайвныг тогтоох үйл хэрэгт гавьяа байгуулсан хэмээн “Билэг хааны нэрэмжит энх тайвны шагнал” хүртэх болсон байна. Дэлхийн турк хэлтэй болон лалын шашинт ард түмний төлөөлөгчдөд энэ жилээс анх удаа ийм шагнал олгож эхэлж байгаа бөгөөд анхны эзэн нь Туркийн Ерөнхий сайд болж байгаа юм” гэж SalamNews агентлаг мэдээллээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх дөрөвдүгээр сарын 10-нд Монголын Хархоринд болж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөх аж. Хархоринд Орхон голын хөвөөнөө Түрэгийн үеийн дурсгал, хөшөө, хүн чулуу элбэг байдаг тул туркчуудад бэлгэ дэмбэрэлтэй хэмээн сонгож авчээ.
Билэг хаан (683-734) Түрэг улсын төрийн нэрт зүтгэлтэн. Түрэгийн хаант улс нь 552-745 онд Монгол нутагт оршин тогтнож байсан их гүрэн юм. Билэг хаан 716 онд хаан ширээнд залран, 734 онд хорлогдох хүртлээ төрийн эрх барьж байв.
М.Сугараа