Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн, Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан Т.Хасбаатартай ярилцлаа.
-УИХ-ын өнгөрсөн сонгуулийн үеэр та намынхаа нэр дэвшигчдийн эсрэг мэдэгдэл хийж дуулиан тарьж байсан. Үүнээсээ болж АНаас хөөгдсөн гэж танай намынхан ярьдаг. Тухайлбал, Л.Байгал гэж АН-ын хяналтын хорооны дарга хэвлэлд ярьсан байгаа. Чухам юу болсон юм бэ?
-Энэ удаагийн УИХ-ын сонгууль нилээд онцлогтой болсон. Сонгуулийн систем өөрчлөгдсөн. Санал тоолох машин хэрэглэсэн гээд сонгуульд өмнө нь гарч байсан булхай луйвар үндсэндээ хаагдах боломж олдсон. Сонгуулийн үеэр би аймгийн намын хорооны даргын албыг хашиж байлаа. Эхлээд нэр дэвших асуудал яригдах болоод би тэр үед нэрээ татсан. Үүнд олон шалтгаан байсан. Манай аймаг угаасаа АН-аас хэн ч дэвшсэн гаргадаг байлаа. Тэр үед бүх сумдаараа явж судалгаа хийж үзсэн. Гэтэл өмнөхөөс арай өөр дүр зураг гараад түүнийгээ тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон намын удирдлагадаа танилцуулсан. Тэр үед сонгогчдын санал манай гурван гишүүнээс одоогийн УИХын дарга З.Энхболдод л илүү ялалт ойрхон нөгөө хоёр нэр дэвшигчид халгаатай байсан. Тэгээд нэг нь намын жагсаалтаар ороод хоёр нь тойрогтоо нэр дэвших болоод л сонгууль эхэлсэн. Манай намын нэр дэвшигчид хууль зөрчиж мөнгө тараагаад байна гэдэг мэдээлэл надад удаа дараа ирсэн тул түүнийгээ зогсоо гэдгийг нэр дэвшигч нартаа сануулж хэлж байлаа.Энэ сонгуулийг шударга явуулах үүднээс л асуудалд хандсан. АН-ын Хяналтын хороо тэр тусмаа Л.Байгал болон бусад хүмүүс намайг намын эсрэг ажилласан тул намаас хөөсөн гэж л хэлдэг. Гэхдээ намайг намаас хөөвөл тэд нэр төртэй хүмүүс болно гэж ойлгож байгаа юм бол миний намын батлахыг хурааж аваад албан ёсоор хөөсөн шийдвэрээ танилцуулаасай л гэж боддог. Өс хонзон хов живэнд хөтлөгдсөн энэ болхи арга барил харин ч манай намын ажил урагшгүй арчаагүй байгааг харуулж байна даа.Тэд чинь асар их “но”-той хүмүүс болохоор хэн нэг нь намайг хөөсөн шийдвэртээ гарын үсэг зурж чаддаггүй л байхгүй юу.
-Та намаасаа хөөгдөхдөө айхгүй байна уу?
-Элсэхдээ айгаагүй юм хөөгдөхөд юунаас нь айх билээ дээ. Миний үйлдэл шударга уу, хөөх шийдвэр шударга уу гэдэг л асуудал байна даа.
-Г.Батхүү, Д.Зоригт нар мөнгө тарааж байсан асуудлыг СЕХ, танай намынхан яагаад дарж, таны эсрэг ажиллах болсон юм бол?
-Эхлээд УИХ гэдэг маань хууль зөрчигчдийг хамгаалдаг, орогнуулдаг газар болсныг хэн хүнгүй хэлж байгааг бодох хэрэгтэй. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Д.Дондог шиг л болох нь цаг хугацааны асуудал. Г.Батхүү, Д.Зоригт нарын мөнгө тараасан уу, үгүй юү гэдэг асуудал шүүхээр эцэслэн шийдэгдээгүй. СЕХ-ны хууль бус шийдвэрт хэн нэг нь маргаан үүсгээгүй байгаа. Хэрэг хуучирдаггүй гэдэг нэг сайхан үг байдаг даа. Сонгуулийн үеэр телевизийн олон сувгаар гарсан миний мэдэгдэл тэр ч бүү хэл дүрс бичлэгт үг хэлж байсан хүмүүсээс нэг ч хүн хуулийн байгууллагад дуудагдаж тэр хоёрын мөнгө тараасан эсэхийг зөв буруу гэж хэлээгүй, шүүх ч шийдвэрээ гаргаагүй л байна. Харин сонгуулийн үеэр Монголд ажилласан шинжээчдын дүгнэлтэд энэ асуудал болоод явчихсан байгаа. Өвөрхангайн УИХ-ын сонгуулийн аравдугаар тойргын маргаан миний гаргаж тавьсан асуудлаас өөр юм билээ. МАН-аас нэр дэвшигчид насанд хүрээгүй хүүхэд сонгуулийн сурталчилгаанд ашигласан, архи дарс эд зүйл тарааж сонгогчдын саналыг авсан гэдэг.
-Таныг тухайн үед чимээгүй болсон болохоор чинь нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө аваад дуугүй болсон гэж ярьж байсан. Тэр автомашин хувьдаа аваад дуугүй болсон юм уу?
-Нэг хачирхалтай асуудал яваад байгаа юм. Нэр дэвшигчээсээ мөнгө, машин нэхсэн авсан гээд л ярьдаг. Хэрвээ үнэн бол Г.Батхүү, Д.Зоригт нараас асуугаарай. Тэр яриаг гаргасан хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Тэднээс их хэмжээний мөнгө, машин авч чаддаг бол хамгийн түрүүнд Батсүмбэрийн асрамжийн газарт өгөх байсан байх. Манай нэр дэвшигчид мөнгө тараагаагүй бол би хуулийн дагуу буруутаад өдийд шоронд сууж байх байсан биз дээ.
-Өвөрхангай аймагт нэр дэвших гэж байсан хүний хувьд тус аймгийн онцлог, АН-д хэр талтайг нь сонирхсон байлгүй. Мөн Засаг даргыг нь АТГ-аар шалгуулах талаар өргөдөл өгсөн хүн шүү дээ та?
-Миний хувьд өвөрхангайчуудад асар их өртэй үлдсэн гэж дотроо бодож явдаг. Өнгөрсөн сонгуулийн өмнө сумдаараа явж байхад намайг олон хүмүүс дэмжиж байсан. Одоо ч тэдэнтэйгээ холбоотой байгаа. Манай аймаг хөгжих асар их боломжтой. Хүн амаараа, мал сүргээрээ, байгалийн баялгаараа бусад аймгаас давуу талтай. Хатуу хучилттай замтай дэд бүтэц сайтай. Зөвхөн аялал жуулчлалаар л дагнахад босоод ирнэ. Гэхдээ сумдад амьдрал тэс өөр ядуурал, ажилгүйдэл, авилга газар авсан. Зарим сум маань халуун ус байхгүй. Хүмүүс нь гэртээ биеэ таллаж угаагаад л усанд орж хирнээсээ салж байна шүү дээ. Тэгэхээр хүн ам, нийгмийн эрүүл мэндийн талаар ярих ч юм алга даа. Зарим суманд халдварт өвчний тархалт улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Тэр Тогтохсүрэн хэмээх Засаг дарга одоо ч ажлаа хийж байгаа. Түүнийг Засаг даргаар ажиллуулах эсэхийг манай аймгийн АН шийдэх байсан. Гэхдээ тэд эвлэрсэн бололтой. Сонгуульд олонх л болоогүй бол МАНАН-гийн засгийн газрын алдааг хөдөө орон нутагт давтаж ганц орлогч, хэлтсийн дарга авч амаа үдүүлээд хэрэггүй гэж боддог. Сонгогчдын сонголтыг л дээдлэж тэдний эрх ашгийн төлөө энэ насаараа үзэл бодолдоо үнэнч явах ёстой.
-Та нэгэн ярилцлагадаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Н.Энхбаярын араас шоронд явах хүн гэж хэлсэн байсан. Тодруулбал түүнийг Германы “Дойче” банкнаас хувийн компаниар дамжуулан 40 сая ам.доллар авсан гэсэн байсан. Түүнээс болж хууль хяналтын байгууллагад шалгуулсан тухай мэдээлэл ч байдаг. Энэ явдал хэрхэн шийдэгдсэн бол?
-Би ч дугаар хорооны иргэнээс эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдын матаасаар хуулийн байгууллагуудаар яваад сурч байна. Миний ярилцлагад хэлсэн зүйл таны энэ асуулт анх “Зууны мэдээ” сонинд гарчихсан байсан. Тэгэхээр Н.Алтанхуяг эхлээд сониныг нь хуулийн байгууллагад өгөх болж байгаа биз дээ. Тэр хүн ариун цагаан амьтан юм уу, “Миний нэр төрд халдсан” гээд УИХ-ын гишүүнийхээ албан тоотоор хуулийн байгууллагад хандсан. Харин би сонинд ярилцлага өгөхдөө Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг албан тушаалаа урвуулан ашигласан байж болох дүгнэлтийг хэлсэн. Харин ч энэ мэдээллийн дагуу манай хуулийнхан Н.Алтанхуягийг шалгах байлаа. Нөгөө 2000 оны Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтөөр хийсэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэдэг заалт хууль хяналтынхныг хүртэл даажигнадаг боллоо. Н.Алтанхуягийн эхлүүлсэн санхүүгийн энэ балгаар “Алтайн хүдэр” компани ГовьАлтай аймгийн Цээл суманд гамшиг авчирлаа шүү дээ. Харин ч одоо тэр “Зууны мэдээ” сонинд анх гарсан баримтаар Германы”Дойче” банкийг олон улсын шүүхэд, Н.Алтанхуягийг АТГ-т өгнө.
-УИХ-ийн сонгуулиас өмнө ээлжит бус их хурал хуралдуулах шаардлага намын даргадаа та хүргүүлж байсан. Гэвч намын их хурал хуралдаагүй, өдийг хүртэл ҮЗХ-ны гишүүд өөрчлөгдсөн зүйлгүй байгаа. Ойрд хуралдах болов уу. Таны тухайн үед тавьсан шаардлагууд одоо танай нам төрийн эрх барьсаар хэрэгжиж байна уу?
-Тийм ээ. Бид асуудлыг олонхоороо шийдье. Намыних хурлаа хийж намын үндсэн дүрмийн заалтын дагуу намын даргаа баталгаажуулъя. Дүрмийн бус намын даргаар удирдуулахгүй л гэж асуудалд хандсан. Намын дүрмээр баталгаажаагүй дарга Үндсэн хуулийг зөрчих нь түүнд асуудал биш. Тэгэхлээр АН-ын удирдлага дүрэмгүй, хуульгүй нийгмийн орчин руу олон түмнийг түлхээд байна. Хуулиас давсан асуудал харин ч нийгмийг бүхэлд нь өөрчлөлтөд хүргэдэг. Олигархиуд намаар дамжиж нийгмийн баялгаас хүртэх хувь хэмжээгээ ахиулж чадсан ч намын бодлого итгэл үнэмшил үнэт зүйлээ алдсанаар нийгмийн зохион байгууллалт дахь хяналтаа алдсан. Олон нийт аль ч намд итгэхээ больсон нь саяны орон нутгийн сонгуулийн ирцээр батлагдлаа. Намын их хурал хуралдахаар товоо зарлаад байна. Тэнд би үгээ хэлнэ. Бидний тавьж байсан асуудлууд Ардчилсан намыг олонх болоход нөлөөлсөн гэж боддог. МАН-ын Ерөнхий сайдыг гэр хорооллыг орон сууцжуулах эрх зүйн орчинг бий болгож чадаагүйнх нь төлөө есөн удаа огцрох шаардлага тавьж байлаа. Одоо хотыг дахин төлөвлөж гэр хорооллыг орон сууцжуулж эхлэж байгаа нь сайшаалтай.
-Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо гэхээр иргэд АН-ыг дэмждэг л гэж ойлгоод байдаг. Гэтэл та намынхаа үйл ажиллагааг ихээхэн шүүмжилдэг. Та бүхний үйл ажиллагааг намын тань удирдлагууд хэрхэн хүлээж авдаг юм бэ. Таныг намынхандаа халгаатай, намын эсрэг дайтдаг хүн гэж үздэг шүү дээ.
-“Намын эсрэг бүлэг”, “Сэхээтний төөрөгдөл” гэдгийг манай намын удирдлагууд МАХН-ын түүх заалгаж оюутны ширээнээс олж авсан мэдлэгээ практикт хэрэглэж байхгүй юу. Бидний ажиллах хүрээ хязгаарыг уг нь намын дүрмээр зохицуулаад өгчихсөн байгаа. Харамсалтай нь дүрмийн бус намын дарга үүнийг хийх чадваргүй хууль зөрчөөд байгаа тул дуугарахаас өөр гарц алга даа. Н.Алтанхуяг намаа өгөхөөр асуудал өөрчлөгдөх биз дээ.
-Сонгуулиар АН олонх болж, Засгийн газар байгуулан ажиллаж байгаа. Олон залуу хүнд танай намын удирдлага албан тушаал өгсөн. Танд ямар нэг албан тушаал санал болгосон уу. Ямар ажил хийж байна вэ?
-Надад ажил албан тушаал ярьсан зүйл байхгүй. Харин намайг нэр төрөө сэргээлгэж шоронд өгөхөөр хуулийн байгууллагад намын дарга маань хандаад байгааг түрүүнд хэлсэн. Н.Алтанхуяг бид хоёрын хэн нэг нь шүүхээр гэм буруугаа тогтоолгох л үлдэж байна даа.
-Өнгөрсөн зүйлийн талаар олон зүйл асуулаа. Асуухгүй байя гэж бодсон ч уншигчид асуухгүй яасан юм бэ гэж зэмлэх байлгүй. Одоо Т.Хастбаатар гэж чухам ямар үзэл бодолтой, юунд тэмүүлж зорьдог залуу вэ гэдэг талаар ярилцвал зүгээр байх гэж бодож байна.
-Миний чин хүсэл алхам тутамдаа ядуу зүдүү хүмүүстэй тааралдаж санхүү мөнгөний бэрхшээлд учирсан залуучуудыг хараад Монгол улс ийм байх ёсгүй яавал бүгдээрээ сайхан амьдрах вэ гэдэгт л шийд олохоор зорьж явдаг. Хоосон лоозогнож хууран мэхлэх замаар хулгайн аргад гаршсан улс төрчдөд дургүй. Хүн зорилго тэмүүлэлтэй амьдардаг тэгвэл өнөөдөр бидний олонхи нь “амьд” байхын төлөө амьдарч байгаа нь гашуун үнэн. Үүнд олон нийт буруугүй. Улс төрчид л буруутай. Тэдэнтэй хариуцлага тооцох цаг ирнэ гэдэгт итгэдэг.
-Таныг хүүхэд байхдаа урлагийн авьяастай, нэлээд сайн морин хуур сайн тоглодог гэж сонссон. Тэр үеийн дурсамжаас тань ярилцвал болох уу?
-Ардын билэг авьяас дуу хуур Монгол хүний шүтээн. Нүүдэлч ахуй амьдралаас өвлөгдөж ирсэн их өв гэж ойлгодог. Морин хуурийн эгшигт уртын дуу аялахыг жаргалд тооцдог. Багадаа хурдан морь унаж, хөгшчүүдийн дэргэд өссөн болохоор хөгжим тоглохыг заавал сурах зүйл гэж боддог байлаа. Манай Өвөрхангайхан гайхамшигтай дууч, наргианч улсууд тэнд Монгол ухааны их охь малчны хотонд төрдөг гэж боддог. Би чинь Японд олон жил сурч амьдарсан. Нутгаа санахаар морин хуураа тоглож, уртын дуу дуулахаар санаа тайвширдаг. Монгол хүн морин хуурын аянд дэлхийг багтаадаг гайхамшигтай.