Анкара хотноо 2013 оны 3 дугаар сарын 27-28-нд зохион байгуулагдсан Эдийн засаг, худалдааны Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хороо /ЗГХХХ/-ны 7 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөв.
Хуралдааны төгсгөлд ЗГХХХ-ны Монголын хэсгийн дарга, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Туркийн хэсгийн дарга, Шадар сайд Бүлэнт Арынч нар хуралдааны протоколд гарын үсэг зурав.
ЗГХХХ-ны энэ удаагийн хуралдаан Туркийн Ерөнхий сайд Р.Т. Эрдоганы манай улсад хийх албан ёсны айлчлалын өмнөхөн болж байгаагаараа онцлог бөгөөд Ерөнхий сайдын айлчлал хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт хоёр тал итгэж байгаагаа хуралдааны үеэр илэрхийлэв.
Хуралдааны протоколд ЗГХХХ-ны өмнөх 6 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ойрын жилүүдийн төлөв, ойрын 2-3 жилд хамтран ажиллах салбар, чиглэлүүдийг тодорхойлж, хуралдааны үеэр монголын талаас тавьсан гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны барилга, зам, гүүр барих, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор барих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, энэ зорилгоор Хархорин сумын нисэх онгоцны буудлыг жижиг, дунд оврын онгоц нислэг үйлдэх бопомжтой болгон өргөтгөх саналуудыг хэрэгжүүлэх, түркийн талаас хөнгөлөлттэй зээл авах асуудлыг шийдвэрлэх, зарим төсөлд түркийн хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт хийх, хамтран хэрэгжүүлэх арга замыг тодорхой тусгаж өгөв.
Монголын тал Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-ын шугамаар төслүүд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Туркийн талаас тавьж буй харилцан адил байх зарчмын үүднээс Түрк иргэдийг Монголд визгүй зорчуулах асуудал, “Түркиш Эйрлаин” компанийн Истанбул –Улаанбаатар хоорондын нислэг болон зорчигчдын тоог нэмэгдүүлэх асуудлыг монголын тал эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх, асуудлыг судлан үзэж хариу өгөхөөр болов гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.