Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хурлаар УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хороо буюу Увс аймгаас сонгогдсон гишүүдтэй холбоотой хэргийг хэлэлцлээ. Тус тойрогт МАН-аас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогдож, гишүүний үнэмлэхээ авсан ч тэднийг сонгуулийн сурталчилгаанд ажилласан залуус иргэдэд мөнгө тараасан, бага насны хүүхэд ашигласан, сонгуулийн сурталчилгаа хаасан үед сурталчилгаа хийсэн хэргээр ял шийтгүүлээд байгаа. Дээрх гишүүдийг сонгогдсонтой холбоотойгоор Увс аймгийн АН болон Тариалан сумын иргэн Х.Баярсайхан нарын 13 иргэн тэдний эсрэг Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм.
Увс аймгийн АН-ынхан болон нэр бүхий 13 иргэн нэхэмжлэлдээ МАН-аас УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгосныг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан. Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх анхан шатны журмаар энэ хэргийг хэлэлцээд УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны 2012 оны зургадугаар сарын 27-ний 26 дугаар тогтоолын нэг дэх хэсгийн заалтыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХын гишүүний түр үнэмлэх олгосныг хүчингүй болгож, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даалгажээ. Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч Х.Баярсайхан нарын бүхий 13 иргэний өмгөөлөгч Б.Лхагважав болон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу уг хэргийг өчигдөр хэлэлцсэн. Энэ үеэр хариуцагчийн өмгөөлөгч Б.Хишигбаатар “Сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа урсдаг самбарт сурталчилгаа байршуулж хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс хэрэв тэрхүү самбарыг ажиллуулж сурталчилгаа байршуулсан хүн хэн бэ гэдгийг тогтоох ёстой. Магадгүй өрсөлдөгч намаас нь энэхүү сурталчилгааг байршуулсан байхыг үгүйсгэхгүй” гэж байлаа.
11.00 цагт эхэлсэн шүүх хурал 18.00 цагийн үед шийдвэрээ гаргав. Хяналтын шатны шүүхээс УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн хорооны тогтоолуудтай холбоотой асуудлыг СЕХ бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, нэхэмжлэгч нарт хариу өгсөн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав. Ингэснээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар УИХ-ын гишүүн хэвээр үлдэхээр боллоо.
Г.ЦОЛМОН