Үндэстэн бүхэн өөрийн гэсэн сайн, муу авир араншинтай бөгөөд сайнаасаа муу нь их гэлцдэг. Мөн эдгээрээс хамгийн түгээмэл нь атаархуу зан хэмээн хэд хэдэн үндэстэний өөрөө өөрийгөө тодорхойлсон зүйлд дурджээ. Ингэхэд хар, цагаан гэсэн хоёр атаархал хүн төрөлхтөнд түгээмэл хийгээд судлаачдын өгүүлснээр манайд хар нь нэлээд хэмжээгээр зонхилдог гэнэ. Ер нь цагаан атаархал гэгч тун ховор зүйлийн нэг юм байх. Магадгүй ээ. Бид чинь сайн яваа нэгийгээ дэмжихийн оронд татаж унагаах талын л юм бодож суудаг харалдсан дотортой дамшгууд гэдгийгээ нуугаад яахав. Ямар сайндаа л тамын тогооны тухай онигооны эзэн болов гэж. Харин муу яваа нэгнээ чимээгүйхэн л суулгаад байх сонирхолтой. Харин яваандаа хэрэг явдал бишдээд ирэхээр ёстой алж өгдөг. Ер нь манайхан унасан нэгнийгээ өшиглөх тун дуртай хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Хамжиж байгаад хэмхэртэл нь гөвшинө. Адгийн хог шаараар нь дуудан хараана. Зүхнэ. Тэгээд амьдад нь сайн сайхныг огт хэлэхгүй. Үхсэн хойно нь хачин их уйлж магтана. Бид ийм л араншинтай.
Өө, нэг мэдсэн чинь өнөөгийн улстөрийн талаар өгүүлэх гэж байгаад баахан хадуурчихсан тууж явна. Ингэхэд шинэчлэлийн нэртэй Н.Алтанхуягийн Засгийн газар өнөөдөр сайн, муу ажиллаж байгаа талаар дүгнэх арай эрт байгаа нь мэдээж. Ирэх жилийн өдийнөөс ерөнхийдөө өнгө төрх нь харагдаж таарна л даа. Гэхдээ хүмүүсийн ам тийм ч муу биш байгаа. Ер нь юм хийж магадгүй гэсэн бодлыг тээх хүн олшрох төлөвтэй байгаа нь үнэн.
Энэ бүхнийг манай хэн нэгнийгээ араас нь зулгааж унагахдаа сурамгай аваргууд тун гярхай ажигласан бололтой харагддаг. Яагаад гэхээр сүүлийн үед эрхэм Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн цэц хэд хэдэн удаа оролдоод авлаа. Оролдох ч гэж дээ, Үндсэн хуулийн цэцээр “могой бариулах” бодолтой тамын тогооны манаач нар эхнээсээ ажилдаа орж эхлэв үү дээ л гэсэн бодол төрөөд байгаа юм. Тэд яаж ийгээд Цэцээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлт гаргуулаад авбал суудлаас нь ховх татахад амархан гээд л тооцоолоод сууж буй учраас тэр. Харин Н.Алтанхуягийн хувьд тамын тогооны манаач нараа холоос хайх огт хэрэггүй. Ялангуяа сөрөг хүчнээсээ бүүр ч дэмий. Тэд хөдлөх болоогүй байгаа. Цаадуул чинь хашир. Харин манаач нараа өөрийнхөө ойр тойрноос, намынхнаасаа хайсан нь дээр. Албан тушаалгүй хоцорсондоо гомдогсод, амжилт бүтээлд чинь атаархагсад сандлын чинь дор нүх ухаж байгаагийн нэг илрэл нь энэхүү Цэцэд хандаад байгаа явдал. Нөгөө талаас ажил чинь гайгүй байгаагийн дохио. Муу байсан бол тамын тогооны манаач нар ажилдаа хэзээ ч ордоггүй. Цаашдаа ажил чинь сайн байх юм бол танай манаач нар сөрөг хүчинтэйгээ нийлж байгаад ч хамаагүй манаачийнхаа ажлыг маш сайн гүйцэтгэх болно гэдгийг баттай хэлье.
Б. Сэргэлэн