Нийслэлийн шинэхэн удирдлагууд Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгахын тулд нэлээд ажил хийж байгаа билээ. Тэдгээр ажлуудын зарим нь үр дүнгээ өгч өнөөг хүртэл хэрэгжиж, иргэдийн бухимдалгүйгээр ажил төрлөө үргэлжүүлсээр яваа. Долоо хоногийн нэг өдөр машинаараа бус нийтийн тээвэр болон бусад хэрэгсэлээр үйлчлүүлж байгаа нь ихээхэн ач холбогдолтой байгаа төдийгүй иргэд ч энэхүү журмаа баримталж бараг хэвшиж байх шиг байна.
Гэхдээ энэ хооронд нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөнийг сааруулахын тулд бас нэг санал гаргаж, бараг хүчээр мөрдүүлэх шахсан. Энэ нь баруун талдаа жолооны хүрдтэй машиныг бямба гаригт замын хөдөлгөөнд оруулахгүй байх санал. Үүнийг манай иргэд хүчтэй эсэргүүцсэний эцэст болиулсан бөгөөд Ерөнхийлөгч ч энэ шийдвэрийг тийм ч оновчтой санал биш гэдгийг дурдсан. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэ талаар бүх нийтийн санал асуулга хоёр ч удаа явуулж 70-80 хувь нь эсэргүүцсэний эцэст бууж өгч байсан удаатай билээ.
Online PR agency, zindaa.mn сайт хамтран интернэт хэрэглэгчдийн нийгмийн шаардлагаар Онлайн Парламент, Онлайн Засгийн газар байгуулах гэж байгаа билээ. Онлайн Парламент нь яг л миний дээр дурдсан зарчимаар ажиллах юм. Хэрвээ та болон таны эргэн тойронд байгаа хүмүүст ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэр асуудлыг тойргоороо хэлэлцэж, улмаар нийт интернэт хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулж, хэрхэн шийдвэрлэх арга замыг нь дээд удирдах шатны байгууллага болон хүмүүст нь төлөөлөгчөөрөө дамжуулан холбогдож, өөрсдийн шийдвэрээ танилцуулах, цаашлаад хэрэгжүүлэх замаар ажиллах юм.
Тиймээс та Онлайн Парламент, Онлайн Засгийн газарт итгэл хүлээлгэж, өөрөө болон өөрийн дэмждэг хүнээ нэр дэвшүүлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай.