“Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихээ байгаад удав. Энэ эрхийг хангахын тулд юу хийх ёстой вэ гэсэн асуултыг хууль тогтоогчдод тавилаа.
Д.Батцогт (УИХ-ын гишүүн)
-Хууль эрх зүйн орчин бол хангалттай байгаа. Харин үүнийгээ шат шатандаа сайн хэрэгжүүлэх шаардлагатай. Бодлого тодорхойлж буй Хууль зүйн яам нь хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууддаа шаардлага тавиад ажиллавал энэ олон аймшигтай хэргийг хазаарлаж болно. Түүнээс биш хүний амьд явах эрх баталгаагүй байгаад хэн нэг албан тушаалтан, байгууллагыг буруутгах нь өрөөсгөл.
Су.Батболд (УИХ-ын гишүүн):
-Гэмт хэрэг гарах нь аль ч нийгэмд байдаг. Гэхдээ гаралт нь ихсээд байгаа энэ аймшигт хэргүүдийг таслан зогсоох ёстой. Үүний тулд олон механизм хэрэгтэй. Хуулийг хэрэгж үүлэх нь Засгийн газар, түүний харьяа байгууллагын л үүрэг шүү дээ. Тэд сайн ажиллах хэрэгтэй байна.
О.Баасанхүү (УИХ-ын гишүүн):
-Хүний аманд ч багтахаарг үй, сонсмооргүй аймшигт гэмт хэрэг их гарах боллоо. Дөрвөн настай хүүхэд амиа хорлож, ШШГЕГ-т хүн шатаж байна. Энэ бүгдийг гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй ХЗЯ анхааралдаа авч, зөв бодлого тодорхойлох ёстой шүү дээ. Заавал шинэ хууль хэрэггүй, зөв бодлогоо тодорхойлж, ийм гэмт хэрэг гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Нөгөө талаар хэвлэл, мэдээллээр байнга хар бараан мэдээлэл түгээж, иймэрхүү гэмт хэргийг “өндөр авахуулж” байна.
Нэг кг мах 12.000 төгрөг болж иргэд хоолоо хийж идэх гэж ядарч байхад гудамжинд гарахад цагдаа нь дарамтална. Телевизээ асаана, сонин уншина, болохгүй, бүтэхгүй байгаа тухай хар мэдээлэл хөвөрдөг. Энэ бүх мэдээлэл нийгмийн стресст оруулж, бухимдуулж байна. Нийгэм даяараа айдаст автлаа. Урлаг соёл, шинжлэх ухааны ололт амжилтын тухай гэрэл гэгээтэй мэдээллийг түлхүү нэвтрүүлэх хэрэгтэй.
Д.Ганбат (УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга):
-Үндсэн хуульд заасан эрхийг баталгаажуулж, хуулиа хүн бүр ягштал мөрдөх л чухал байна даа. ШШГЕГ-т хоригдож байсан дуучин Баавар өөрийгөө шатаасан нь тэр хүний буруу хэдий ч тэндхийн ажилтнууд асаагуур оруулах ёсгүй. Үүнд хяналтаа сайн тавих ёстой байсан. Ер нь ард түмний амьдрал сайнгүй байна л даа.
Сүүлийн хэдэн жилд цөөхөн хүн баяжаад нийт баялаг нь ард түмэндээ хүртсэнгүй. Бид социализмын үеийн хууль эрх зүйн орчныг өөрчилж, хүний эрхийг илүүтэй хангасан зохицуулалт оруулахаар ажиллаж байгаа. Нийгмийн бухимдлыг арилгаж, иргэдээ ажлын байраар хангах, баялгийг тэгш хуваарилах гэх мэт олон арга хэмжээ авч байж хүний эрх гэдэг үнэт зүйлийг хангаж чадна.
С.УУЛ