Манай оронд хүрэлцэн ирээд буй АНУ-ын Худалдааны дэд сайд Франциско Санчесыг УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан дэд сайдаар 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Б.Обамагийн Үндэсний экспортын бодлогыг гардан боловсруулсан хүний нэг юм байна.
Уулзалтын үеэр Парламентын тэргүүн гуравдагч хөрш АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа дурдаад худалдааг тэнцвэржүүлэх, манай улсын экспортын нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмалын баялаг болон уламжлалт мал аж ахуйд тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг хөгж үүлэхэд тус улсын техник, технологиос суралцах хүсэлтэй гэдгээ хэллээ.
Харин дэд сайд Франциско Санчес хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэр дундаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулж хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий салбар дахь эрх зүйн таатай өөрчлөлтүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид хүлээж байгааг тэрбээр энэ үеэр мэдэгдсэн. Үүний дараа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг АНУ-ын Худалдааны дэд сайд Ф.Санчесыг хүлээн авч уулзсан юм. Тэрбээр Монголд хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын компаниуд, тэр дундаа занар олборлох, ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компаниудтай хамтран ажиллахад бэлэн байгаа болон Тавантолгойн орд газрыг ашиглах, сэргээгдэх эрчим хүч, нүүрс боловсруулах салбарт АНУ-ын “Пийбоди энержи” компанийн гаргаж буй санаачилгыг дэмжиж байдгаа илэрхийлсэн.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдад худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж буйг дуулгаад Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд оруулах өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн санаачилга гаргасанд талархаж байгаагаа ноён Ф.Санчес илэрхийлээд, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд цаашид анхаарал хандуулахаа мэдэгдлээ.
Р.Цэцэг