УИХ-ын хаврын чуулганыг өчигдөр МАН-ынхны гэнэтийн бэлэгтэйгээр нээлээ. Тус намын гишүүд “гүндалайдах” аргыг хоёр дахь удаагаа чуулганы танхимд хэрэглэсэн юм. Тэд “Төрийн алба төрлийн алба боллоо”, “Ард түмэн өрийн дарамт, үнийн өсөлтөд нэрвэгдлээ”, “Орон нутгийн өөрөө удирдах ёсыг гажуудуулсан Ерөнхий сайд байх уу, үгүй юү” гэх мэт бичиг бүхий цаасыг ширээн дээрээ тавьж, цөөнхийн үг хэлэх эрхийг боомилж болдог юм уу гэдгийг Ерөнхийлөгчөөс асуусан лоозон өлгөжээ. Хуралдаанд 74 гишүүнээс 59 нь ирж, ирц 79.9 хувь байлаа.
Уламжлал ёсоор УИХ-ын дарга З.Энхболд чуулганыг нээж үг хэлэв. Тэрбээр чуулганы завсарлагаанаар хаагуур ажилласнаа гишүүддээ тайлагнаад, энэ удаа Үнэт цаасны зах зээлийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл гэх мэт олон чухал асуудал хэлэлцэн батлахыг сануулав. Мөн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэд хэдэн тогтоолын төслийг гараас гаргах юм. (Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь А6 нүүрээс уншина уу) УИХ-ын дарга үгээ хэлж, Төрийн дуулал эгшиглэсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.
Тэрбээр Монгол Улс авлигын түвшин хурдтай буурч буй орны тоонд орж, хууль, шүүх засаглалыг цэгцлэх эрх зүйн орчин бүрдэж, иргэдийн үзэл бодол ч бусдын зааснаар биш, өөрөө шийдэлд оролцохыг хүсдэг болон өөрчлөгдөж, багагүй зүйл цэгцэрч байгааг үнэлсэн юм. “Салхи зөв тийшээ эргэж байна. Хуулийн засаглал тогтож эхлэн, алба тушаалтай, мөнгөтэй, танилтай ч бай, хэнбугай ч хууль зөрчсөн бол хууль араас нь очиж байна. Монгол Улсын нэр хүнд өсөж, дэлхийн хамтын нийгэмлэг ч үүнийг үнэлж байна. Монголын нэр дэлхийн сонорт хүрлээ. Манай иргэд, албаныхан ардчиллын туршлага судлах гэж гадагш явдаг байсан. Одоо биднээс юм сонсох гэж олон газрын төлөөлөгчид Монголд ирдэг боллоо. Монгол Улсыг ардчилсан, нээлттэй, хуулийн засаглалтай орон гэдгийг хаана ч орчуулгагүй мэддэг боллоо” хэмээн ололттой талыг нь үнэлсэн юм. Энэ хэсэг үг МАН-ынхны санаанд нийцсэнгүй. Тэд хурал хаяж гарав. Гэхдээ “төлөөлөгч” болгож уриа, лоозонгоо танхимд үлдээв. Уг нь багахан тэвчээр гаргасан бол Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын болохгүй байгааг ч араас нь шүүмжлэхийг сонсох байжээ. Ололтыг нь магтаж байгаад тэрбээр араас нь шүүмжлэв. “Уул уурхай, бүтээн байгуулалт, шинэчлэл ярьж байгаа ч хүнээ орхигдуулж байна.
Хүний зовлон, жаргалаас ургуулж асуудлаа харвал зөв болно. Монголын төр бүтээгчдээ дэмжихгүй байна. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй болж, гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 60 гаруй хувиар буурлаа. Үүнийг сонгуультай битгий холбоорой. Сонгууль бол ардчиллын чухал механизм. Бас эрх баригчидтай хариуцлага тооцох хэлбэр. 2011 оны эцсээр 18 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт жилийн дотор 10 руу эргэж уналаа. Төр томорч, улам өөхөлж байна. Төрийн зардлын хэмжээ нэмэгдлээ. Нийгэмд бий болж байгаа баялаг нийтийн хүртээл болж чадахгүй, байгаль орчиндоо хүйтэн цэвдэг хандаж байна” гэх мэтээр алдааг нь тоочив. Эцэст нь “Монголын төр бол түүхтэй, нэртэй. Ийм төрд алба хашна гэдэг бол их хувь заяа. Монголын төр бол эрхэмсэг төр. Хууль хэрэгжүүлэх чадвараараа, түмний төлөө зүтгэлээрээ Монгол төрийн албан хаагч онцгойрч байх ёстой. Тэд ёс зүйгээрээ, ажил үйлсээрээ, сайнаараа бусдад жишиг болох ёстой. Тэд төрийн дэглэм журам, хүний ёсыг гүнзгий ойлгодог хүмүүс байх ёстой. Манай төрийн албан хаагчид сайн соёл түгээгчид, тээгчид байх учиртай. Ингэж чадвал Монголын төр хүчтэй байна. Монгол Улс хүчтэй байна” хэмээн сануулснаар чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв.
МАН-ынхан хурал хаясан тухайд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Цөөнх арай түргэдчихэв үү гэж бодож байна. Ерөнхийлөгч болохгүй байгаа зүйлийг л хэлсэн. Гэхдээ МАН-ынхны шийдвэр өөрсдөдөө зөв, үүнд бид эмзэглэхгүй” гэв. Удалгүй МАН-ынхан хэвлэлийн бага хурал зарласан юм.
С.ТУУЛ