УИХ-ын хаврын чуулганы хуралдааны нээлт дээр үг хэлэх МАН-ын хүсэлтийг З.Энхболд дарга хүлээж аваагүй нь тэдний гэдэнг хөдөлгөсөн гэнэ. Мөн Ерөнхийлөгч “Авлига буурч, Монгол Улсын нэр хүнд дэлхийд өсөж, бүх зүйл цэгцэндээ орж байна” гэх мэтээр бодит байдлын эсрэг зүйл ярьсан гэж үзжээ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Ийм зүйлийг бид байнга сонсдог. Тиймээс үүнийг дахин сонссоноос Сүхбаатарын талбайд цугласан ард түмэнтэйгээ уулзахыг илүүд үзэж хурал хаясан” гэсэн юм. Хаврын чуулганы нээлт дээр хэлэх гээд чадаагүй намынхаа байр суурийг тэр сэтгүүлчдэд уншиж танилцуулав. Иргэдээ сонсох 11-11 төв байгуулж, иргэдэд Төрийн ордонтой танилцах боломж нээсэн гэх мэт нааштай ажлыг нь дэмжиж байгаа ч улс орны хөгжил, бүтээн байгуулалттай холбоотой ямар ч ажлыг эхлүүлээгүй гэлээ. “Засгийн газар байгуулагдаад найман сар өнгөрлөө. Энэ бол түрүүчийн ажлын үр дүн харагдахад хангалттай хугацаа. Гэтэл олон улсад Монголын нэр хүнд унаж, эдийн засгийн өсөлт зогслоо. Гаднын хөрөнгө оруулалт өмнөх оныхоос 40 хувиар буурав. Энэ онд 33 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч эхний гурван сарын байдлаар 1.3 сая тонныг нь гаргаад байна. Үүнээс олох орлого тасрах нь тодорхой боллоо. Инфляц 14.3 хувь болж өсөв. Цалин, тэтгэвэр огт нэмсэнгүй. Үүнийг нэмэхээр үнэ өсдөг гэж Хөдөлмөрийн сайд хэлсэн. Гэтэл цалин нэмээгүй байхад нэг кг үхрийн мах 12.000 төгрөг боллоо.
Үнийн өсөлтийг хазаарлахаар Монголбанктай гэрээ хийж, 780 тэрбум төгрөг гаргасан нь хаачив. Хэдэн хүн хуваагаад авсан гэж харж байна. БНХАУ, ОХУ-ын удирдлагууд уулзаж, нүүрсний асуудлаар ярилцаж байхад Ерөнхий сайд “Хоёр улсын удирдлага уулзаа л биз” гэж хэлсэн. Хөршүүдтэйгээ хамтран ажиллахын утгыг ойлгохгүй ийм хариуцлагагүй үг хэлсэн нь түүнийг огцруулах хангалттай шалтгаан болно” гэх мэтээр ярив. Бондын хүүд өдөрт 270 сая, өнөөдрийн байдлаар 35 тэрбум төгрөг төлсөн гэнэ. Мөн орон нутгийн өөрөө удирдах болон бусдын өмчтэй байх эрхэнд халдсанаараа Үндсэн хууль зөрчсөн, томилгоо нь хууль бус, энэ Засгийн газрын үед гэмт хэргийн гаралт улам нэмэгдсэн, сэтгэгдэл бичих үгийг кодолж иргэдийн үг хэлэх эрхэнд халдлаа, мэдээллийн эрх чөлөөг боомилж, цөөнгүй телевизийг хаасан гэх мэтээр шүүмжиллээ.
Ө.Энхтүвшин дарга “Засгийн газар улс орноо авч явах аргаа олохгүй байна. Томилсон хүмүүс нь төрийн нэр хүндийг унагаж байхад тэдэндээ хариуцлага тооцож чадахгүй. Товчхондоо бол шинэчлэлийн Засгийн газар их ярьж буй ч эхлүүлсэн зүйл алга. Тиймээс Ерөнхий сайдтай хариуцлага тооцох ёстой гэж МАН үзэж байна” гэлээ. Түүнээс зарим зүйл тодруулав.
-Таныг БНАСАУ руу захиа бичсэн гэсэн мэдээлэл гарсан. Ямар шалтгаанаар, юу гэж бичсэн юм бэ?
-БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам, МАН хоёр олон жилийн хамтын ажиллагаатай. Солонгосын хойгт байдал хүндэрч байгааг хараагүй мэт сууж болохгүй. Тиймээс тус намын нэгдүгээр нарийн бичгийн даргад “Асуудлыг дипломат аргаар шийдэх хэрэгтэй. Дайн битгий хийгээч” гэсэн агуулгатай захидал илгээсэн.
-МАН цаашид чуулганы үйл ажиллагаанд оролцох уу. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулна гэсэн үг үү?
-Чуулганы үйл ажиллагаанд мэдээж оролцоно. Эхний ээлжинд бид хариуцлага тооцъё гэж байгаа юм. Олонх энэ мэдэгдлийг яаж хүлээж авахыг харж байгаад яахаа шийднэ.