УИХ-ын намрын чуулганы нээлтэд МАН-ын гишүүд лоозон барин оролцож, улмаар Ерөнхийлөгчийг үг хэлж
байх агшинд хурал орхин гарсан билээ. МАН, МАХН-ынхан мөн өдөр хамтарч Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан юм.
Тэд “Ерөнхийлөгч бодит байдлаас эсрэг зүйл ярьж байна. Ийм зүйл сонсож байхаар талбай дээр цугласан иргэдийнхээ үгийг сонссон нь дээр” гэж үзсэнээ тайлбарласан. МАН-ын уг үйлдлийн талаар Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагааны байр суурийг сонирхов.
-Эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, бүх зүйл болохгүй байхад эсрэгээр сайн сайхан байна гэж худал ярилаа хэмээн МАН-ынхан Ерөнхийлөгчийг буруутгасан. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Ерөнхийлөгч үнэн үг хэлсэн. Эрх баригчдыг ч шүүмжилсэн, ард түмний тэдэнд дайхыг хүссэн үгийг л хэлсэн. Гэтэл буурь суурьтай нам атлаа МАН-ынхан энэ үгийг сонсох тэвчээр гаргаж чадсангүй. Монгол Улс бол Үндсэн хуульд зааснаар Парламентын засаглалтай. Парламентад олонх удирдаж, цөөнх үгээ хэлдэг энгийн зарчим үйлчилдэг. Ийм засаглалын хэлбэрийг сонгоод 20 гаруй жил болж байна шүү дээ.
-Цөөнхийн үг хэлэх эрх алдагдсан байгааг тэд Ерөнхийлөгчөөс асуусан байсан…
-Ерөнхийлөгч цөөнхийн дуу хоолойг сонсох ёстой гэсэн байр суурьтай байдаг. УИХ-ын сонгуулийн дараа МАН бүлэг байгуулах эрхээ алдчихсан байхад Ерөнхийлөгч намын дарга нартай уулзаж, өөрөө хууль санаачлаад тэдэнд УИХ-д үгээ хэлэх эрхийг нь бүрдүүлж, эрх зүйн статусыг баталгаажуулсан. Тухайн үед МАН-ын дарга нар Төрийн тэргүүнд талархлаа илэрхийлж байсан. Одоо УИХ дахь намын бүлгийн гишүүд чуулганы индрийг ашиглаад үгээ хэлэх боломжтой. Гэтэл Парламентад суудалгүй нам шиг гудамжинд жагсаж, хаврын синдромыг эхлүүлж буй нь байгаа олоогүй хэрэг. Тэд хийж буй үйлдлээ бодох хэрэгтэй. Цөөнхийн үгээ хэлэх газар нь УИХ шүү дээ.
Мөн “Чингис” бондыг шүүмжилсэн баахан лоозон хадсан байсан. Хэдхэн сарын өмнө МАН, МАХН, МҮАН, АН-ын бүх гишүүн сууж байгаад 1.5 тэрбум долларын бонд гаргах эрх олгосон шийдвэр гаргасан. Өөрсдийнх нь шийдвэрийн дагуу хөрөнгө босгоод бүтээн байгуулалт өрнүүлье гэхэд эсэргүүцэж байна. Ой санамж арай ингэж богиносож болохгүй. Улс төр, бизнес эрхлэх тогтвортой байдал, ард түмэнд энх амгалан амьдрал хэрэгтэй. Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй. Ард түмнийг төлөөлж сонгогдчихоод тэдний өмнөөс хэлсэн үгийг сонсох тэвчээр дутаж байгаад харамсаж байна. Эхлээд бие биенээ сонсож сур. Тэгээд шүүмжлэх, үг хэлэх, завсарлага авах эрх нь нээлттэй. Хавар болоод янз бүрийн синдром хөдөлж болно. Гэвч улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой.
Ерөнхийлөгч “20 жилийн өмнө бид гаднынхнаас суралцах гэж явдаг байсан бол одоо тэд бидний ардчиллыг хийсэн туршлагаас суралцдаг боллоо” гэж хэлсэн. Ийм байхад том болдоггүй хүүхэд шиг төлөвшдөггүй улстөрчид байж болохгүй. Бүгд л үүрэгт ажлаа хийе. Тэд УИХ-д сонгогдчихоод ажлаа хийхгүй байгаа бол хийх хүмүүс нь сууг.
С.УУЛ