УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгууль болон Сонгинохайрхан дүүрэгт болох дахин санал хураалтын зардлыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийг 17.2 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар энэ оны улсын төсөвт тусган баталсан. СЕХ-ноос нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болох дахин санал хураалтад шаардагдах 397.4 сая, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр телевиз, радиогоор цацах сурталчилгаанд хяналт тавихад шаардагдах 91 сая төгрөгийг тус тус дээрх 17.2 тэрбум төгрөгөөс гаргах эрх олгохыг хүссэн аж. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар УИХ-аас баталсан төсөв дутаж, улмаар тогтоолд өөрчлөлт оруулж байсан бол энэ удаа баталсан төсөв “илүүджээ”. Тиймээс уг хоёр ажлыг зохион байгуулах зардлыг шингээх боломжтой болсон байна.
Сурталчилгаанд хяналт тавих үүргийг ШӨХТГ хүлээж буй юм. Тус газраас хяналтын зардалд 292 сая төгр өг олгох саналыг СЕХ-нд ирүүлжээ. Тэд үүнийг хянаж, танаад 91 сая төгрөг болгон оруулж ирсэн юм байна. Мөн дахин санал хураалт зохион байгуулахад Тойргийн хороо нь 392.9 сая, УБЕГ-аас итгэмжлэгдсэн ажилтан томилох гэх мэтийн зардалд 124.8 сая, саналын хуудас унших төхөөрөмжийн программ хангамжид 64.5 сая төгрөг гэх мэтээр нийт 600 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн санал ирүүлсэн аж. Үүнийг ч СЕХ хянаж, үр ашиггүй, дотоод нөөц боломжоороо шийдэх боломжтой зарим зардлыг хасаад 397.4 сая төгрөг болгон УИХ-д танилцуулж байгаа нь энэ.
Мөн Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах төрийн нэг албан хаагчид олгох урамшууллаас 50.000 төгрөг хасаж, 1.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах санал оруулжээ. Өмнө нь “Үүрэгт ажлаа хийж буй төрийн албан хаагчид ямар их мөнгө өгдөг юм” гэсэн шүүмжлэл гарсан учраас СЕХ хэмнэх санал оруулжээ. Гишүүд “50.000 төгрөг хасах эсэх тухай асуудлыг хэлэлцэх хэрэг алга. Ийм дэмий юмаар УИХ-д хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагагүй” гэсэн тул СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн оруулсан саналаа татав.
Ингээд дээрх хоёр ажилд шаардагдах зардлыг Ерөнхийл өгчийн сонгуулийг зохион байгуулах 17.2 тэрбум төгрөгт багтаан тооцох тухай тогтоолыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүрг үүлэхээр боллоо.
С.УУЛ