Орон нутгийн сонгууль болоод хагас жилийн хугацаа өнгөрч буй ч өөрийн гэсэн “толгойгүй” өөрөө удирдах байгууллага байсаар л байна. Шалтгаан нь ердөө л жижиг өс хонзон, улстөржилт. Хувийн, намын эрх ашгаасаа ард түмний, улс, эх орныхыг дээгүүр тавих хэмжээний ёс суртахуунтай улс төрч цөөн байгаагийн баталгаа гэсэн үг. Шүүх, хуулийн байгууллагын хаалга дамжин улстөрчид гүйлдэж, төрийн байгууллага хоорондоо бичиг цаас шидэлцэж байх зуур хоёр ч аймаг, хэд хэдэн сумын амьдрал хэцүүдэв. Сүүлдээ энэ “барьцалт” Үндсэн хуулийн цэцээр шүүгдэж, буцаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийн толгой дээр буухад хүрлээ. Улстөржиж гаргасан шийдвэрээ улстөржилтөөс үүдэн цуцалж, одоо дахиад улс төрийн занганд оржээ.
ХӨВСГӨЛЧҮҮД Л.ГАНСҮХИЙН “ЗАРГАЛДАХЫГ” ХҮЛЭЭЖ БАЙНА
ИТХ-ын сонгуульд АН 12, МАН есөн аймагт ялсан. Хуулийн дагуу аймгуудын ИТХ хуралдаж, Засаг даргад нэр дэвшигчээ тодруулан Ерөнхий сайдад санал болгосноос эдүгээ хоёр нь тунаж үлдээд байна. Хөвсгөл, Дорнод аймаг одоо болтол Засаг даргагүй. Эхлээд МАН ялсан зургаан аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжлалг үй буцаасан. МАН-ынхан ч “Намаар ялгаж улстөржлөө” гэв. Асуудалтай гэх газрууд нь түүнийгээ цэгцэлсээр одоо дээрх хоёр аймаг л үлдээд буй аж. Хөвсгөлийн ИТХ-аас санал болго сон Л.Гансүхийг татвараас зайлсхийсэн хэргээр АТГ-аас шалгаж бай гаа учир батламжлаагүй хэмээн Ерөнхий сайд МАН-ынханд тайлбарласан. Дорнодоос санал болгосон Бадамсүрэн аймгийнхаа бизнесийг “атгадаг” учир ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзжээ. Тиймээс эдгээр аймагт Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч томилсон.
1996 онд М.Энхсайханы Засгийн газрын үед хэрэглэж байсан уг туршлагыг нэвтрүүлснээрээ Н.Алтанхуяг шүүх дээр бүдрэв. Дорнодод үүрэг гүйцэтгэгч томилсон нь хууль бус хэмээн аймгийн Захиргааны хэргийн шүүх үзжээ. Бөөн хэл ам, маргаан гарч, шүүхээс буруутгасан учир үүрэг гүйцэтгэгч томилсон шийдвэрээ Ерөнхий сайд эргэж харсан аж. Хөвсгөлийн тухайд одоо хуучин Засаг дарга Л.Цэрэнжав нь түр ажиллаж буй. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар “Захиргааны хэргийн шүүхээс шийдвэр гарч, ИТХ-ын сүүлд хийсэн хурлын шийдвэрийг хүчингүй болгочихсон. Тиймээс энэ сарын 20 хүртэл энэ асуудлаар ИТХ хуралдах боломжгүй. Одоо нэр дэвшигч Л.Гансүх нэхэмжлэл гаргах эсэхийг тэд хүлээж байгаа” гэлээ. Энэ гацаанаас болоод тус аймгийн ИТХ мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлээ ч батлаагүй байгаа юм билээ.
ДУНДГОВЬ ХАРИУГАА АВЧ БАЙНА
Хуулийн дагуу доод шатны Засаг даргыг дээд шатных нь томилдог. Тиймээс аймгуудын Засаг даргыг батламжлах эсэх нь Ерөнхий сайдын мэдэлд байгаа юм. Сумдын Засаг даргыг аймгийнх нь томилно. Дээрээс эхэлсэн барьцалт доод шатандаа халдсан учир МАН-ын Засаг даргатай аймгуудад АН-аас дэвшүүлсэн сумын Засаг даргыг томилохгүй “зуусан” хэрэг мандаад байна. МАН ялсан есөн аймгийн, бас Засаг даргаа батламжлуулах гэж зовсон газрын нэг нь Дундговь аймаг. ИТХ-аас Чандманийн нэрийг Ерөнхий сайдад санал болгосон ч эхний хурал ирц хүрээгүй, удаах нь нууцаар хураах саналыг илээр явуулсан хэмээгээд буцаасан юм. Гэвч дээрх хоёр аймгийг бодвол дундговьчууд Засаг даргатай болж амжсан. Энэ мэтээр бөөн юм болсны хариуг одоо Чандмань дарга чандлан авч буй бололтой. Тус аймгийн Эрдэнэдалай, Өлзийт, Цагаан дэлгэр, Дэлгэрхангай, Луус сум нэг иймэрхүү “хорхойтой араанд” зуугдсан шалтгаанаар Засаг даргагүй уджээ. Эдгээр суманд АН ялсан аж. Аймгийн ИТХ-ын дарга С.Буджав энэ талаар “Эхний гурван сумын ИНХ хуралдахгүй байгаа.
Сүүлийн хоёроос нэр дэвшүүлсэн хүмүүс АТГ-т шалгуулж байгаа, ашиг сонирхлын зөрчилтэй учраас батламжлах боломжгүй гээд буцаасан” гэлээ. АН ялсан сумдаас нь Засаг даргад нэр дэвшигчээ зүтгүүлээд байдаг, МАНын угшилтай аймгийн Засаг дарга нь элдэв шалтаг хэлж буцаагаад арга ядаж буй аж. Мөн л Засаг даргагүй, маргаан шуугиан үргэлжилж буй Дорнод аймгийн төв Чойбалсан хот эзгүй байна. Сумын ИНХ-д АН, МАН нэг л суудлын зөрүүтэй учраас тэндээс шийдвэр гардаггүй, хоёр тийш харж суучихаад буй гэнэ. Аймгийн Засаг даргыг орлож буй Д.Цэрэнчимэг “Хуралдсан үгүй нь ч тодорхойгүй. Би яг үнэндээ учрыг нь сайн мэдэхг үй байна” гэв. Булган аймгийн 16 сумаас сүүлийнх нь 10 хоногийн өмнө арай гэж асуудлаа шийджээ. Улсын тэргүүний Сэлэнгэ суманд МАН ялсан аж. Харин аймагт нь АН ялсан юм. Сэлэнгэ сумаас хүнээ дэвшүүлсэн ч баахан улстөржиж, сая нэг юм шийдсэн байна. Энэ мэтээр харилцан барьцсан хөгийн жишээ орон нутагт гарчээ. Сандал, суудал булаалдан, нэгнийгээ өгсөхөд нь дэгээдэж унагаадаг “тамын тогоо”-ны зарчмаар аймаг, сумын ИТХ-ынхан “ажиллаж” буй нь энэ. Аймаг, сумын Засаг даргаар АН-ын, эсвэл МАН-ын хүний хэн байх иргэдэд чухал биш. Гагцхүү орон нутаг, иргэдийнхээ аж амьдралыг мэддэг, тэдний төлөө ажиллах сэтгэлтэй, мэдлэгтэй хүн л хэрэгтэй.
С.ТУУЛ