УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэв. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын танилцуулгын дараа гишүүд гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан шалтгааныг тодруулав. Мөн 100 тэрбум төгрөгөөс дооших хөрөнгө оруулалтыг Засгийн газар шийдээд явж болох эсэхийг сонирхлоо.
Сайд Н.Батбаяр “Дэлхийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлж байна. Дэлхийн зах зээл дээр нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурсан. Одоогийн байдлаар Тавантолгой компани нүүрсний ачилт хийхгүй байгаа. Алдагдалтай бизнес хийснээс хийгээгүй нь дээр. Гэрээний нөхцөл ийм байдлыг үүсгэж байна. Үүнийг засахгүйгээр Монгол Улс эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй байдалд орчихоод байгаа. Энэ талаар манай яам ажиллаж байна.
Одоогийн мөрдөж буй хуулиар гадаадын хөрөнгө оруулагч 34 хүртэл хувь эзэмшвэл яам, түүнээс дээш бол Засгийн газраас зөвшөөрөл олгох журам гарсан. Ингэснээр хувийн хэвшлийнхэнд нэг шат дамжлага багасаж байгаа юм. Энэ хууль гарснаас болж гадаадын хөрөнгө оруулалт багасна гэж үзэж байвал эндүүрэл. Болж байгаа зүйлээ тал талаас нь дэмжээд, болохгүй зүйлээ засч залруулаад хамтарч ажиллаад явах хэрэгтэй” гэв. Уг төслийг хэлэлцэхийг олонх дэмжлээ.