Шатрын улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь удаагийн тэмцээн Тусгаар тогтнолын ордонд долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр болсон есдүгээр тойргийн тоглолтод их мастер Б.Гүндаваа тэргүүлж явсан ФМ М.Гүнбаярыг хожсоноор Ц.Батчулууны хамт 7.5 оноотой болж УАШТ-ийг хошуучилж эхэллээ. Эрчүүдтэй өрсөлдөж буй их мастер Б.Мөнгөнтуул гурав хожиж, дөрөв тэнцэн, хоёр хожигдсон амжилтаар тавдугаар байрт явна.
Сонирхуулахад, тэрбээр 2436 гэсэн чансаагаар оролцогч 14 тамирчнаас тавдугаарт жагсаж байгаа юм. Харин эмэгтэйчүүдийг спортын мастер С.Сарантун галаг өнгөлсөн хэвээр. Тэрбээр сүүлийн тавилд гол өрсөлдөгч Б.Баярмааг буулгаж авснаар араасаа нэхэгчдээс бүтэн оноогоор тасарч эхэллээ. Улсын хошой аварга ФМ У.Лхамсүрэн сүүлийн таван өрөгтөө дараалан хожсоноор Б.Баярмаа, Д.Номин-Эрдэнэ нартай адилхан 6.5 оноотой болсон байна.
Р.МАНЛАЙ