УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн дээрх тогтоолын төсөлд гарын үсгээ зурж, өчигдөр З.Энхболд даргад өргөн барилаа. Энэ талаараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь бүлгийн ахлагч Н.Энхболд нар мэдээлэл хийв. Ө.Энхтүвшин “Засгийн газарт хариуцлага тооцохыг сануулж, олонхийн бүлэг энэ мэдэгдлийг хүлээн авч, алдаагаа засах эсэхийг харсан.
Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, арван зүйл бүхий шаардлага хүрг үүлсэн. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн ахлагчийн хийсэн мэдээлэлд “Эрдэнэт” үйлдвэр, “Чалко”-той хийсэн гэрээ, БНСУ-аас нефьт импортлох асуудлыг саатуулсан гэх мэт асуудлыг шалгана гэсэн огт авцалдаагүй гурван зүйл ярьсан. Бидний тавьсан шаардлагыг хэлэлцэж үзээгүй, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогод дүгнэлт хийх шинж ажиглагдаагүй. Шалгана нягтална гэхээр биднийг байр сууринаасаа ухарна гэж бодсон юм уу. Ерөнхий сайд Үндсэн хууль болон Төрийн албан хаагчийн, Тагнуулын байгууллагын, Хэвлэлийн эрх чөлөөний тухай гэх мэт хэд хэдэн хуулийг зөрчсөн.
Дорнод, Хөвсгөл аймагт үүрэг гүйцэтгэгч томилсон асуудлаар Цэц хуралдахын өмнөх өдөр энэ шийдвэрээ цуцалсан нь Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн хэрэг. Хоёр хөршийн удирдлага уулзсаныг үл тоомсорлосон байдлаар хандсан. Энэ бол хөрштэйгээ эвтэй байх замаар гадаад харилцаагаа бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Өөрсдөө нууцаа алдчихаад түүнийг хэвлэсэн сонинтой хариуцлага тооцно гэж болохгүй. Энэ бүх шалтгаанаар түүнд хариуцлага тооцох тогтоолын төслийг өргөн барилаа” гэв.
Зөвхөн Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал хөндөж буйг Н.Энхболд дарга тодотгов. Тэрбээр “Хэдийгээр Ерөнхий сайд огцорвол танхим нь огцордог ч тэднийг үлдээх эсэхийг олонх шийднэ” гэлээ. УИХ-ын дарга тэдэнд “Хуулийн дагуу ирэх долоо хоногт уг асуудлыг Байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ” гэжээ. Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг холбогдох Байнгын хороо ажлын долоо хоногт хэлэлцэх хуультай. Үүний дараа УИХын чуулганаар мөн долоо хоногт багтаан шийддэг юм.
С.ТУУЛ