Манайд албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Ерөнхийлөгч уулзалтын үеэр “Манай хоёр ард түмэн хэдэн зууны тэртээ нэг газар нутагт хаяа дэрлэн оршин сууж байс ныг гэрчлэх олон хөшөө, дурсгал Монгол нутагт байдгийг та сайн мэднэ. Та тэнд 2005 онд очиж байсан.
Түүнээс хойш хөшөө, дурсгалуудыг хамгаалах олон ажил хийж зам тавьсан. Хөшөө, дурсгалуудыг хамгаалах байшин, барилга барьсан. Хоёр улс 1969 онд дипломат харилцаа тогтоосноор түүхэн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх үндэс тавигдсан. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол, Туркийн харилцаа хурдан хөгжиж, асар богино хугацаанд өндөр түвшинд хүрсэнд бид их баяртай байна. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж тал бүрийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар, ард түмэнд танаар уламжлан чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнгөрсөн гуравдугаар сарын 27-28-нд Анкара хотод Монгол, Туркийн Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хуралдаан амжилттай болсон. Хоёр улс юуны өмнө барилга, хот байгуулалт, арьс шир боловсруулах шинэ цогцолбор байгуулах болон аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцож буйг зүйтэй гэж үзэж байна” гэлээ. Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан “Туркийн иргэний агаарын тээврийн компани Улаанбаатар руу өдөр бүр шууд нислэг хийхээр төлөвлөж байна. Өчигдрийн байдлаар хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих асуудлаар гарын үсэг зурсан. Үүнээс хойш хоёр улсын хооронд харилцан айлчлал нэмэгдэх байх гэж найдаж байна. Монгол Улс, Туркийн хооронд худалдааны эргэлт бага байгаа. Гэхдээ энэ байдал хурдтай нэмэг дэнэ гэж үзэж байна. 2015 он гэхэд худалдааны эргэлтийг 250 сая ам.долларт хүргэх зорилт тавиад байна” гэлээ.
Үүний дараа ноён Рэжэп Тайип Эрдоан Хархориныг зорьсон. Хөшөө цайдам дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудтай тэрбээр 2005 онд манай улсад айлчлахдаа танилцаж байжээ.