УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэллээ. Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр нарын хамгийн олон санал авсан нь УИХ-ын гишүүн болох учиртай. Дахин санал хураалтыг 80 хэсгийн хороонд зохион байгуулж, нийт 179.824 сонгогч саналаа өгөх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн иргэн. Тэрбээр 12.00 цагийн орчимд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 45 дугаар хэсэгт очиж, саналаа өгөв. УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр тусгайлан байрлуулсан дэлгэц дээр тухайн үед санал өгсөн сонгогчийн зургийг харуулж байсан бол энэ удаа санал өгсөн иргэдийн ирц, хүйсийн харьцаа, насны ангиллыг графикаар үзүүлэх шинэ программ ашигласан байна.
Манай сурвалжлах хэсэг 16.40 цагт тус дүүргийн наймдугаар хэсгийн хорооны дахин санал хураалтын явцтай танилцахад иргэдийн 25.7 хувь нь саналаа өгч, 2510 хүн дутуу байгааг дэлгэц дээр харуулж байв. Саналаа өгсөн иргэдийн 293 нь эрэгтэй, 352 нь эмэгтэй, 207 буюу олонх нь 26-40 насныхан байлаа. “Санал хураах машинд ямар нэгэн асуудал гараагүй. Санал хураалт хэвийн үргэлжилж байна” хэмээн тус хэсгийн хорооны дарга Ч.Хишигмаа ярив. Тус тойргийн 68 дугаар хэсгийн хороо ч мөн энэ үеэр 26.6 хувийн ирцтэй, ямар нэсэг асуудалгүй байгаа талаар хэсгийн хорооны дарга Б.Эрдэнэчимэг өгүүллээ. Ерөнхийдөө сонгогчдын ирц харьцангуй бага байгаа нь харагдаж байв. 15.00 цагийн байдлаар 22 хувь байсан ирц 17.00 цаг гэхэд 30 хувь хүрэхтэй үгүйтэй байлаа. Гэвч энэ удаа ирцээс үл хамааран хэн олон санал авсан нь УИХ-ын гишүүн болно. Тус тойргийн хорооны нарийн бичгийн дарга Т.Батдоржтой уулзаж, дахин санал хураалтын нэгдсэн дүн хэдийд гарах талаар тодруулахад “Хамгийн холд тооцогдож байгаа хоёр хэсгийн хороо Жаргалантад бий. Тэдгээр хэсгийн хороо тогтоолоо ирүүлэхэд нэг цаг гаруй хугацаа шаардах байх. Бид 80 хэсгийн хорооны тогтоолыг хүлээн авч, нэгтгээд 24.00 цаг гэхэд нэгдсэн дүн гарчих болов уу” гэв.
Дахин санал хураалтын үеэр хууль бус үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй хэмээн Т.Батдорж мэдээлсэн. Харин тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр тасгийн гадаа нэгэн суудлын машиныг хүмүүс тойрч, цагдаа нар үзлэг хийж байв. Уг машинд сууж явсан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хэсгийн ахлагч сонгогчдын нэрсийн жагсаалтыг тэр чигт нь авч явж байснаас гадна, мөнгө тараасан байх магадлалтай гэсэн шалтгаанаар иргэд цагдаагийн хэлтэст мэдэгджээ. Үзлэг хийж дуусаагүй, иргэдээс байцаалт авч, тодорхой болгоогүй тул цагдаа нар болон иргэд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Арвин Сонгинохайрхан дүүрэгт мөнгө тараах гэж байгаад баригдсан тухай бичлэг цахим хуудсуудад тавьжээ. Тэрбээр энэ явдлаа Сууц өмчлөгчдийн холбооны ажил байсан хэмээн тайлбарласан ч барьсан цаасан дээр нь Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Ломбын Эрхэмбаярыг дэмжиж буй сонгогчдын төлөөллийн нэрс хэмээн бичсэн иргэдийн нэр, хаяг, ажил, утас бүхий жагсаалт уг бичлэгт үлджээ. Энэ мэтээр иргэдийн саналыг татах зорилгоор цөөнгүй зөрчил гарсныг хуулийн байгууллага шалгаж байгаа аж.
Ийнхүү дахин санал хураалт 20.00 цагт дууслаа. УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны нарийн бичгийн дарга Т.Батдоржтой 21.00 цагт холбогдоход дүн мэдээгээ нэгтгэж байгаа бөгөөд 42, 61 дүгээр хэсгийн хороонд хяналтын тооллого явуулахаар болсон гэв. Дугаар шилжих мөчид зарим цахим хуудсаар Сонгинохайрхан дүүргийн 80 хэсгийн хорооны 50-д нь МАН-аас УИХ-д нэр дэвшсэн Д.Сумъяабазар хэсэг тус бүр дээр 100-150 саналаар илүү байгаа талаар мэдээлж байсан. Түүнчлэн тус дүүргийн МАН-ын хороо 22.00 цагт хэвлэлийн хурал зарласан юм. Дахин санал хураалтад хэн тэргүүлсэн нь эцсийн байдлаар тодорхой болоогүй ч сонгинохайрханчууд ямар ч байсан УИХ-д бүрэн төлөөлөлтөй болохоор саналаа өгөв.
Р.ОЮУНЦЭЦЭГ