Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрс ашиглах талаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр танилцуулав. Байгалийн аливаа нөөц баялаг ашигласны төлбөр, хураамжийн хэмжээг орон нутгийн ИТХ-аас хуульд заасан хязгаарт багтаан тогтоодог. Үүний дагуу 1998, 2005 онд нийслэлийн ИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод хар шороон хөрс ашигласны төлбөр авдаг байжээ. Гэвч нийслэлийн ИТХ 2011 онд уг тогтоолыг хүчингүй болгосноор хот цэцэрлэгжүүлэх зориулалтаар хар шороо олборлож, ашигласны төлбөр авах эрх зүйн боломжгүй болсон байна. Хар шороон хөрс маш удаан хугацаанд нөхөн сэргэдэг.
Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал тархацтай хар шороо буюу үржил шимт ялзмаг бүхий давхаргын нөөцийн хэмжээг албан ёсоор тогтоогоогүй бөгөөд жил бүр цэцэрлэгжүүлэлтийн ажилд зориулж 5-8 мянган шоо метрийг олборлож иржээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилт, Баруунтуруун, Зүүнтурууны амнаас хар шороо олборлож байгаа аж. Зах зээлийн ханш нь өссөөр ирсэн ч нөөц бүхий газар багасаж байгаа тул хар шороо ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөр тогтоох саналтай байгаагаа нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ хэлсэн байна.
Цаашид хар шороо олборлох түр зөвшөөрөл олгож, байгалийн нөөц ашигласны төлбөр тооцох, улмаар тухайн газрыг нөхөн сэргээлгэх эрх зүйн орчин үгүйлэгдэж байгааг тэрбээр онцолжээ. Тиймээс уг асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон байна.