Дэлхийн өнцөг булан бүрт алхаж яваа бүсгүйчүүдийн сэтгэл загварын салхийг даган хуйларсаар байгааг өмссөн хувцас, үүрсэн цүнх нь бэлхнээ илтгэнэ. Мэдээж бүсгүйчүүд моод гоёлын чиг хандлагаас хоцордоггүй нэгэн дүр төрх байхын тулд брэндийн бараанд дурлана. Учир нь брэнд бол ганхашгүй нэр хүнд, хэн ч өөлж чадахааргүй төгс шийдэл, сэтгэл ханамж юм. Бас урт удаан хугацааг хуучиршгүйгээр элээж дөнгөх эдэлгээ даах чанар. Тийм л учраас брэнд гэдэг тавхан үсэг загварын ертөнцийн оройд гялалзах титэм хэвээр байсаар байна. Тиймээс эрчүүд ч бугуйн цаг, хүрэм, ажлын цүнх сонгохдоо загварын чиг хандлага, алдартай брэндүүдийн санал болгосон чанартай шийдлээс хоцорно гэж үгүй. Тэр бүү хэл хүүхдүүд өөрийн гэсэн брэндтэй шүү дээ. Гэхдээ брэндийн үүрэг, өндөрт гялалзах нэр төрийг дагасаар байдаг хуурамч бүтээгдэхүүн таны сонирхлыг брэндээсээ ч илүү татах байх. Дэлхий дээрх гурван хүн тутмын нэг нь хуурамч “Chanel ¹5” хэрэглэдэг бол “LV” загварын цүнхний борлуулалтын 99 хувийг хуурамч бүтээгдэхүүн эзэлдэг байна. Өндөр үнээр худалдан авсан брэнд бүтээгдэхүүнээ дэргэдээ тавиад, нийтлэлийг маань сонирхоно уу.
Худалдан авалтыг үнэтэй болгох зарчим
Энэ бол бараа худалдан авахдаа анхаарах ёстой зүйл юм. Анхан шатны шалгалт ч гэж хэлж болох тул брэндэд дурладаг хэн ч болов мэдэх нь зүйн хэрэг.
- Логог нь сайн хар. Та өөрийн мэдлэгээ өргөжүүлэх хэрэгтэй. Нэртэй брэндүүд логогоо хэзээ ч гамгүй хэрэглэдэггүй. Хэрэв логог дарсан оёдол, оруулга таарах л юм бол тэр цүнх хуурамч. Тухайлбал, “Louis Vuitton”-ы лого хэзээ ч хоёр талдаа байдаггүй. Зөвхөн нэг талдаа л логогоо байрлуулдаг бөгөөд хээ, үсэг бүрээ нэгбүрчлэн тооцоолсон байдаг. Нандин байгаа биз. Тиймээс авахыг хүсэж буй брэндээ сайн судлах хэрэгтэй. Хаана нь ямар лого, хэрхэн орсныг анзаар. Рекламны зурагт хуудаст дүрсэлсэн зүйлсээс нэг нь ч зөрөх ёсгүй.
- Хаяг, шошгыг хуурамч барааны халхавч гэдэг. Учир нь үг, үсгийн жижиг алдаа биднийг сайн дураараа хуурамч бараа худалдан авсан буруутан болгодог. Adidasийг Abibas болгохоос эхлээд угаах зааварт хүртэл алдаатай үсэг нуугдсан байж болно. Ихэнх брэндүүд шошгоо оёдог бол дуураймал барааны шошго өлгөөтэй байдаг юм.
- Болхи оёдол, далдалсан бохир хийцийг нь анхаар. Ихэнхдээ хуурамч бараа хийц муутай байдаг. Тэд зөвхөн дуурайхаас бус хийцэнд төдийлөн анхаардаггүй юм. Хэрвээ хийц нь энгийн байвал хуурамч байх магадлал их.
- Брэнд бүтээгдэхүүний сав, баглаа, боодол нь маш тансаг. Тэр бүү хэл бараандаа яг таарсан байх ёстой. Хэт том, хэт жижиг янз бүрийн уутанд бус яг таарсан ууттай байдаг
Хамгийн түгээмэл хуурамч бараа
LV шошготой цүнх рүүгээ ойртоод, сайн хар
Брэнд хэмээх таван үсэг, нэртэй брэндүүдийн логонд хууртахгүй байх нь чухал. Ялангуяа манайх шиг хүн амынх дийлэнх нь ядууд тооцогддог байгаа бүс нутагт хуурамч бүтээгдэхүүн элбэг шүү дээ. Үүнийг онцгойлон дурдаж байгаад учир бий. Сүүлийн үед манайд интернэт худалдаа газар авч байна. Дэлгүүр хаах цагтай зэрэгцэн ажлаасаа тарж буй хүмүүс хэрэгцээт бараагаа хайж олоход бэрх. Тиймээс интернэт худалдаа, хүргэлтийн үйлчилгээтэй бараанууд хамгийн гүйлгээтэй байна. Тэр дундаа брэндүүд. Саяхан танил маань тус бүр нь 250 мянган төгрөгийн үнэтэй дөрвөн ширхэг цүнх авсан тухайгаа гайхуулж ярив. Харамсалтай нь тэр хуурамч бараанд сая төгрөг зарлагаджээ. Түүний худалдан авсан “Louis Vuitton Speedy”, “Louis Vuitton Alma” загваруудын дуураймал нь дэлхийн хуурамч барааны зах зээлд өндөр байр суурь эзэлдэг. Энэ загварын цүнхний бодит үнэ нь 650 ам.доллар байдаг юм. Харин дуураймлууд нь энэ үнээс хэд дахин бага байна. Зах зээл судлаачдын албан бус мэдээгээр LV гэсэн тэмдэгтэй жинхэнэ цүнх дэлхийн зах зээлийн ердөө нэг хувийг л эзэлдэг гэнэ. Гэтэл “Louis Vuitton” компани жил бүр 15 сая еврог хууль бус үйлдвэрлэгчидтэй тэмцэхэд зориулдаг аж. Тус компанийн Оюуны өмчийг хамгаалах хэлтэс 2008 онд дэлхийн зах зээлээс 8228 хуурамч бүтээгдэхүүн илрүүлж байсан бол 2009 онд 9000 гаруй цүнх хураан авчээ. Дуураймал бүтээгдэхүүн хэдэн мянган тонноор хэмжигддэг болохоор жинхэнэ брэнд авахыг хүсэж байвал албан ёсны вэб хуудсуудад хандахыг зөвлөж байна.
Жинхэнэ брэндийг таних тэмдэг зураасан код
Зураасан код бараа болгонд бий. Гэхдээ энэ зураас байгаа эсэх нь чухал биш л дээ. Гол нь зураасан кодыг илэрхийлэх тоо. Эдгээр тоог хооронд нь нэмж хасаад л дуураймал эсвэл жинхэнэ бараа гэдгийг нь таньж болдог юм байна. Тухайлбал, таны худалдан авсан үнэртэн 8651234567894 зураасан кодтой байлаа. Энэ тооны тэгш тоон дээр байрлах 6+1+3+5+7+9 тоонуудыг хооронд нь нэмж гурваар үржүүлнэ. Дараа нь сондгой тоонд таарч буй 8+5+2+4+6+8 тоог нэмнэ. Гэхдээ сүүлийн орныг бүү оролцуулаарай. Өмнөх тоонуудын гарсан хариуг хооронд нь нэмж, гарсан хариуны сүүлчийн орныг 10-ын тооноос хас. Энэ ялгавар барааны зураасан кодыбн сүүлчийн оронтой таарч байвал та зөв сонголт хийсэн гэсэн үг. Харин хариу нь зөрж байвал хуурамч бараа гэдэг нь тодорхой болно.
“Zippo” асаагуур
Энэ асаагуурын “Solid Brass”, “Brushed Chrome” загваруудыг хууль бусаар үйлдвэрлэх нь элбэг. Zippo асаагуур доод тал нь 14.95 долларын үнэтэй байх бөгөөд www.locator.zippo. com сайтаас худалдан авч болно. Энэ асаагуурыг Америкийн Брэдфорд хотод жил бүр 12 сая ширхгийг үйлдвэрлэдэг аж. Гэтэл дэлхийн зах зээл дээр төчнөөн тооны дуураймал асаагуурыг хятадууд үйлдвэрлэж байна. Zippo асаагуурын дуураймлыг Риппо гэж хочилдог ба тэдгээр нь хоёр ам.доллар орчим үнэтэй байдаг. Жинхэнэ асаагуурыг таних их амархан. Гэхдээ хамгийн том давуу талыг нь хууль бус үйлдвэрлэгчид огт дурддаггүй. Учир нь тус асаагуурын албан ёсны үйлдвэрлэгчид худалдан авсан хүн бүрт хязгааргүй баталгааг өгдөг. 1933 онд Zippo худалдаанд гарснаас хойш шаардлагатай бүх засварыг компаниас үнэгүй хийж өгдөг юм. Хэрвээ таны Zippo эвдрэх юм бол үйлдвэрлэсэн оноос үл хамааран тус компанийн засварын төвүүдэд хандах боломжтой.
Брэндийн нэхий гутал
Жинхэнийг нь www.uggaustralia.com сайтаар дамжуулан худалдан авч болно. Бодит үнэ нь 120 ам.доллараас эхэлдэг бол дуураймал нь 40 ам.долларын үнэтэй. UGG брэндийн нэхий гутал ердөө хэдхэн жилийн өмнөөс дэлхийн загварын ертөнцөд орж ирсэн билээ. Харин өдгөө энэ гутлыг хууль бусаар үйлдвэрлэх нь жилээс жилд ихсэж байгаа тул UGG гутлыг үйлдвэрлэгчид шинэ загвар зохиож, дэлхийн өнцөг булан бүрт шинэ салбараа нээх бүрийд дуурайн үйлдвэрлэгчидтэй идэвхтэй тэмцэл явуулах болсон. 1995 онд UGG брэндийг худалдан авсан “Deckers Outdoor Corporation” компани 2010 онд Хятадын зах зээлээс 244 мянган хос дуураймлыг хурааж авсан аж. Түүнчлэн Европын зах зээл дээр энэ брэндийн хууль бус үйлдвэрлэл 2009 онтой харьцуулахад 245 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Брэндийг эзэмшигчид дуураймал гутал зарж байсан 4783 сайтыг хаалгаж, тус гутлыг зарах тухай 304 мянган зарлалыг eBay, Amazon сайтаас устгуулж чадсан байна. Гэсэн ч тус компанийн албан ёсны сайтын загварыг хуулбарлан, борлуулалт явуулж буй сайт олноороо мэндлэх болжээ. Гэхдээ тэдгээр сайтад UGG-ийн нэхий гутлуудыг маш хямд үнээр зарж байгаа аж.
Rolex
Энэ брэндийн “Rolex Oyster Perpetual”, “Rolex Daytona” загваруудыг нь хууль бусаар үйлдвэрлэх нь их. Жинхэнэ цагуудыг www.rolex.com сайтаар худалдан авах боломжтой. Үнэ нь 4000 ам.доллараас эхэлдэг байна. Гэтэл дуураймал нь бүр 10 ам.доллар байх нь энүүхэнд. “Ролекс” компани жил бүр ойролцоогоор нэг сая ширхэг бугуйн цаг үйлдвэрлэдэг бөгөөд хронометрийн туршилт явуулдаг Швейцарийн хүрээлэнгээс өвөрмөц сертификат дагалдуулдаг. Гэтэл Зүүн Өмнөд Ази дахь хууль бус үйлдвэрүүд жил бүр 40 сая дуураймал Ролексийг үйлдвэрлэж албан ёсны компанид нь их хэмжээний хохирол учруулсаар байна. Үүний улмаас Ролекс компани өнгөрөгч онд гэхэд л 600 сая ам.долларын хохирол амссан. Энэ талаар “Swiss Customs Service” нийтэлжээ. Интернэт сайтуудад Ролекс цагны хамгийн сүүлийн үеийн загваруудын дуураймлыг 50-60 ам.доллараар зардаг бол гудамжинд ердөө 10 ам.доллараар зардаг билээ.
“Chanel ¹ 5” үнэртэй ус
Жинхэнэ усыг нь www.chanel.com сайтаар дамжуулан худалдан авч болох бөгөөд 7.5 мл-ийн савалгаатай нь 95 ам.долларын үнэтэй байдаг. “Chanel”-ийн эзэн Коко Шанель Оросын Романов хааны гэр бүлд хүчин зүтгэж байсан үнэртэн зохиогч Эрнест Бо-той танилцсаныхаа дараахан түүнээс эмэгтэй хүний үнэр анхилах усыг зохиож өгөхийг хүссэн гэх домог бий. Энэ домогт итгэвэл, Коко Шанель Эрнестийн зохиосон 10 үнэртнээс тав дахийг нь сонгосноор “Chanel ¹ 5” гэдэг нэр үүссэн гэдэг. Энэ жил “Chanel ¹ 5” 90 жилийн ойтойгоо золгосон юм. “Top Selling Fragrances”-ын судалгаагаар “Chanel ¹ 5” хэрэглээгээрээ Францдаа нэгд, АНУ-д дөрөвдүгээрт бичигддэг аж. Ийм алдартай, гүйлгээтэй бүтээгдэхүүнийг хууль бус үйлдвэрлэгчид тойрсонгүй. Өдгөө “Chanel ¹5” хуурамч ус үйлдвэрлэгдсэн хэмжээгээрээ дэлхийд номер нэгд бичигдэж байна. Хуурамч бүтээгдэхүүнтэй тэмцэх Английн хорооноос хүн төрөлхтний гурван хүн тутмын нэг нь хуурамч “Chanel ¹ 5” хэрэглэдэг гэж мэдээлсэн юм. Энэ үнэртний дуураймлыг гудамжинд зарахаас гадна сүлжээний бизнесээр түгээх болжээ. Худалдан авагчдын олонх нь 20-30 ам.доллар гэсэн хямд үнэд нь татагдсаар байна. Гэтэл жинхэнэ усны үнэ нь 95 ам.доллараас эхэлдэг билээ