Өнгөрсөн ням гаригт болсон УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарч, МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар өрсөлдөгчөөсөө 4000 хүний саналын зөрүүгээр ялалт байгуулсан нь үндсэндээ тодорхой болчихоод байна. Ялалт байгуулсан нэр дэвшигч хуулиараа бол өчигдөр түр үнэмлэхээ авах учиртай байв. Гэтэл АН-ынхан ээлжит башир аргаа хэрэглэхээр зэхэж буй бололтой.
Даваа гаригт болсон АН-ын бүлгийн хурлын үеэр тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Дахин санал хураалтыг 22.00 цагт дуусгах ёстой байсныг 20.00 цагт дуусгасан нь УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн тул Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураана” гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийв. Тус намын бүлгийн хурал дуусахаас өмнө 12.00 цагт УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Энхтуяа сэтгүүлчдэд долоо хоногийн төлөвлөгөөт ажлаа танилцуулахдаа мөн дээрх мэдэгд лийг урьдчилан хэлж, санал хураалтыг дахин явуулах ёстой гэсэн.
Дахин санал хураалтыг зохион байгуулсан СЕХ, тойргийн хороо нь дуугараагүй байхад хаа хамаагүй УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга сонгууль хууль бус болсныг хамгийн түрүүнд сэтгүүлчдэд тайлбарлаж, хэний байр суурийг илэрхийлж байгаа нь үл мэдэгдэх мэдээлэл хийсэн нь олон нийтийн гайхлыг төрүүлэв. УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа санал авах цаг 20.00 байсныг 22.00 болгон өөрчилсөн нь үнэн. Гэвч энэ удаагийн дахин санал хураалт уг хуульд хамаарахгүй юм билээ. 2012 онд болсон сонгуулийн үргэлжлэл болох дахин санал хураалт болж буйг АН-ын эрхэм гишүүд одоо болтол ойлгоогүй явсан гэвэл үнэмших хүн олдохгүй байх. Засаг, төрийн эрхийг барьж, автомат машинаар санал хураах санаачилгыг гаргаснаараа энэ талаар тэднээс илүү мэдэх хүн үгүй биз. Яг энэ асуудлаар даваа гаригт УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороо хуралдах гэтэл гишүүд нь цуглаагүй гэнэ. Сураг дуулахнээ тойргийн хорооны гишүүдийн дийлэнх нь АН-ын “угшилтай” юм байж. Хэрэв Л.Эрхэмбаяр дахин санал хураалтаар ялалт байгуулсан бол тэд бүлх залгисан мэт чив чимээгүй байж байгаад нэр дэвшигчийнхээ тангараг өргүүлэх байсан гэдэгтэй мөрийцсөн ч алдахгүй. Сайн яривал аль өнгөрсөн оны долдугаар сард явуулчих байсан дахин санал хураалтыг Л.Эрхэмбаяр хэмээх “ураач” шүүхдэж гүйсээр, хагас жилийг өнгөрөөсөн.
Эцэст нь уначихаад тахимаа өгөхгүй аяглаж байгаа нь өрөвдөлтэй. Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр өвдөг шороодчихоод давсан өрсөлдөгчдөө тахимаа өгөхгүй газар хэвтэх бөхөөс ялгарах зүйл Л.Эрхэмбаярт алга. Ийм жудаггүй үйлдэлд монголчууд ясны дургүй. Ер нь жудгаа алдана гэдэг Монголоо алдана л гэсэн үг. Зөвхөн Л.Эрхэмбаяр ч биш, АН-ынхан намаараа жудгийг гишгэж, дэвсэж байна. Төр барьж буй намын тулхтай зан, ноён нуруу тэднээс огт үнэртэхгүй байгааг олон үйлдлээс нь харж болно. Ганц жишээ татъя. Өвөрхангай аймагт л гэхэд МАН-аас нэр дэвшсэн хоёр гишүүн хол тасархай ялалт байгуулсан. Маргаан, зөрчил байсныг үгүйсгэхгүй. АН-ын нэр дэвшигчид аль ч утгаараа “иппон” үнэлгээгээр ялагдсан. Гэтэл АН-ынхан тахимаа өгөхгүй удтал “нохойтсоны” эцэст 1:1 гэсэн тохиролцоо хийн, Г.Батхүүгээ тангараг өргүүлж, УИХ-д оруулсан. “Улаан дээрэм, цагаан луйвар” гэгч л энэ байх. Тэгсэн хэрнээ тохироогоор УИХ-д орох ёстой МАН-ын нэр дэвшигч С.Чинзоригийн талаар өнөөдрийг болтол хэл чимээ алга. АН үнэхээр ичихээ байжээ.
Монголд УИХ-ын сонгуулийг зургаан удаа зохион байгуулж буй. Чөлөөт сонгууль явуулж, иргэний эрх чөлөөг ард иргэддээ авчирч, ардчилсан нийгмийн бэлгэ тэмдэг болсон АНыг коммунист үйл ажиллагаа явуулна гэж хэн санах билээ. Зургаан удаа болсон сонгуулийн түүхэнд хэзээ ч өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүсэж байсангүй. УИХ-ын сонгууль болох тоолонд намууд, нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах элдэв арга чарга хэрэглэн, булхай луйвар гаргадаг нь нууц биш. АН, МАН адилхан л луйварддаг. Сонгуулийн үеэр хууль зөрчсөн байж болох үйлдлийг илрүүлэх багийг энэ талаараа хамгийн сайн мэргэшсэн З.Энхболдоор ахлуулснаараа л АН-ын гарт хөзрийн тамга очсон. Хэрвээ үнэхээр сонгуулийн үеийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой бол АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаярыг дэмжигч иргэдэд мөнгө тарааж байсан Д.Арвин гишүүнд ямар арга хэмжээ авахыг нь хармаар байна. Уг нь 2012 оны сонгуулиар монголчууд АН-д маш том итгэл хүлээлгэж, найдсан.
Харамсалтай нь иргэдийн итгэлийг тэд умартжээ. Төрийн эрх авсан л бол хүссэнээ хийж, хуулийг гууль болгож, эрх мэдлийн хүчээр танигдахын аргагүй болтлоо хувирч болдгийг АН яруу тодоор харуулж байна. Энэ үйлдлээрээ тэд маш муу жишиг тогтоож байна. Тэдний гаргасан энэ замыг дагуулаад харвал 2016 оны Парламент бүрдэхгүй ч байж мэднэ. Жудаг эвдсэн АН монгол төрийн маргаашид хар мөр дагууллаа.
Т.ИРЭЭДҮЙ