“Оюутолгой” компанийн үйл ажиллагааны зардал хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгааныг тодруулахаар аудитын шалгалт хийж эхэлсэн тухай “Bloomberg businessweek” өчигдөр цахим хуудсаараа дамжуулан анхлан мэдээлэв. Тус агентлаг “Компанийн худалдан авалтын баримт бичиг болон бусад зардлыг шалгаж байна. Төслийн зардал төсвөө сөө хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн нь тодорхойгүй байгаа. Тиймээс шалгалт хийх зайлшгүй шаардлагатай болсон” хэмээн Сангийн сайд Ч.Улаан өгүүлснийг эш татсан байв.
Энэ тухай “Оюу толгой” компанийн Хэвлэл, мэдээллийн хэлтсээс тодруулахад “Хувь нийлүүлэгчдийн хурлаас тийм шийдвэр гарсан бололтой. Одоогоор манай албанд ямар нэгэн мэдээлэл ирээгүй” хэмээв. Засгийн газраас томилогдсон аудитын баг тус уурхайд ямар тоног төхөөрөмжүүдийг хэдэн ам.доллараар авсныг шалгаж байгаа аж. Түүнчлэн “Rio Tinto” компанийн зүгээс гадаадын аудитор урьж, тус багт ажиллуулж байгааг “Businessweek” тодотгожээ.
Дашрамд дурдахад, Лондон хотноо өчигдөр өндөрлөсөн Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр “Оюу толгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей уг төслийг санхүүжүүлэхэд банкны зээл хамгийн боломжит хувилбар болохыг онцолсон байна. Олон улсын санхүүгийн корпорац, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хамтран “Оюу толгой” төслийг нийт дөрвөн тэрбум ам.доллараар санхүүжүүлэх боломжтой гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн билээ. Далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд 250 км хонгил барих шаардлагатай агаад үүнд 5.1 тэрбум ам.доллар шаардагдах аж.
Б.ЦЭЦЭГСҮРЭН