УИХ-ын өчигдрийн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ. МАН-ын зүгээс дэвшүүлсэн зургаан үндэслэлийг Үндсэн болон бусад хууль зөрчсөн томилгоо хийсэн хэмээн ерөнхийд нь “базаж” болж байгаа юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд 50 орчим гишүүн орж, хэдэн цагийн турш буруу, булхай, алдаа, оноогоо хэлэлцсэн тул чуулган дээр шинэ асуулт, санал бараг гарсангүй.
Чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдыг огцруулах болсон үндэслэлийг тойрсон ажил хэрэгч шүүмжлэл өрнөхөөс илүү Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурал дээр нэгнийхээ хэлсэн үгийн “бөөсийг” түүлцэв. Алдаж хэлээд дараа нь цахим ертөнц, хэвлэлээр нэг шүүмжлүүлснийхээ залруулгыг Ерөнхий сайдаас эхлээд хийцгээв.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний суудлыг шилгээлгэх, эсэхийг шийдэхээр 72 гишүүн иржээ. УИХ одоогоор 74 гишүүнтэй байгаа учраас ирц бараг 100 хувьд хүрсэн гэсэн үг. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг А.Бакей гишүүн танилцуулсны дараа бусад нь асуулаа.
Ч.Хүрэлбаатар: -Санхүүжүүлэх дэд бүтцийн төслөө бэлэн болгоогүй байж бонд авснаас болж 40 орчим тэрбум төгрөг хүүд нь төлөх эрсдэл хүлээхэд хүрлээ. Ерөнхийлөгч хаврын чуулганы нээлт дээр бизнес эрхлэгчдэд маш их дарамт байгааг хэлсэн. Та бүхэн Байнгын хороон дээр эсрэг зүйл ярьсан. Хэнийх нь үнэн бэ?
Н.Алтанхуяг: -Эдийн засгийн нөхцөл хүнд байсан учир арванхоёрдугаар сард бонд авахаас аргагүй болсон юм. Үүний хүчинд эдийн засаг харьцангуй тогтворжсон. Бондоор 12 төсөл санхүүжүүлнэ. Биз нес эрхлэхэд дарамт байгаа нь үнэн. Байгаа дарамтыг цөөлөх гэж ажиллаж байна.
Н.Батбаяр (Эдийн засгийн хөгжлийн сайд): -Бондыг эрсдэлтэй үед зөв цагтаа гаргасан. Хэрэв таны хэлж байгаа шиг төслөө бэлдчихээд өнөөдөр авсан бол хүү нь 6-7 хувьд хүрч, яриад байгаа 40 тэрбум төгрөгөөс чинь илүүг алдах байсан юм. Зөв цагтаа авсан учир бага, тогтмол хүү тогтоосон.
М.Батчимэг: -Ерөнхий сайд огцорсноор Засгийн газар огцорно, дахин шинээр байгуулахад цаг алдана. Та бүхний ярьсан шиг хөрөнгө оруулагчдын хүсээд байгаа улс төрийн тогтвортой байдал үгүй болно. Үүнээс гарах сөрөг үр дагаврыг тооцсон уу. МАН-ынхны яриаг сонсохоор хамтарсан Засгийн газрын үеийг их дурсаж байна. Бас огцруулах асуудлыг дахин дахин тавина гэсэн байна лээ. Үүний ард дахин хамтарч Засгийн газар байгуулах сонирхол байна гэж ойлгож байна, тийм үү?
Н.Энхболд: -Ерөнхий сайдыг огцруулах болсон гол шалтгаан нь хууль зөрчсөн явдал. Үүнээс үүдсэн олон хохирол гарсан. Улс төр тогтворгүй болно гээд хууль зөрчсөн үйлдлийг хараагүй мэт явах боломжгүй. Хэрэв хууль зөрчөөд байвал огцруулах асуудлыг дахин дахин тавих болно. Ийм Ерөнхий сайд, Засгийн газраас айж байгаа учраас хөрөнгө оруулалт буурч байгаа юм.
М.Батчимэг: -Энэ донсолгоо улс төр, эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тооцоогүй гэж ойлголоо. Хууль зөрчсөн бол үүнийг өөр олон аргаар шийдэж болдог, заавал огцруулах аргыг сонгосон нь зөв үү?
Ө.Энхтүвшин: -Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт буурч, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Ерөнхий сайд ийм байдлаар ажиллавал байдал бүр дордоно. Байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайд “Хуулийг цаашид ч зөрчинө” гэсэн. Энэ хүнээсээ та нар эртхэн салсан нь дээр. Ажлыг нь хийх өөр хүн танайд байгаа шүү дээ, тэр боломжийг чинь бид олгож байна. Бидэнд Засгийн газарт орох сонирхол байхгүй. Сөрөг хүчний байр сууринаас ажиллахаа мэдэгдсэн.
Н.Энхболд: -Я.Содбаатар, Д.Хаянхярваа нарыг шүүмжлэл хэлсний төлөө тагнана, шалгана гэсэн. Шүүхээр буруутайг тогтоогоогүй байхад ингэж болдог юм уу. Байнгын хорооны хурал дээр Та “МАН-ынхан хэвлэлийнхнийг хэдэн тэрбум төгрөгөөр угжаад мэдээлэл цацаж байна” гэсэн. Эрх баригчид харин ч хэвлэлд нөлөөлдөг. Авлига авч, өгөлцсөн асуудлаар зөвшилцөхгүй гэсэн. Зөв. Гэхдээ манай хүмүүс авлигатай холбоотой юу ярьж тан дээр орсон юм бэ. Та “Шинэчлэл хийхэд хууль хамаагүй” гэсэн. Цаашид ер нь хууль мөрдөж ажиллах уу?
Н.Алтанхуяг: -Бид хамтарч ажиллавал олон нийтэд хэрэгтэй. Харин Засгийн газрыг хамтарч байгуулъя гэхэд чинь би “Боломжгүй” гэж хэлсэн. Та нар Ерөнхий сайдыг томилоход бүгд эсрэг санал өгсөн. Дахин дахин огцруулах асуудал тавина гэвэл тавихаас. Бид сөрөг хүчнээс гадна ард иргэдээ өдөр бүр сонсож байгаа. Авлигачидтай тэмцэнэ гэж хэлснээс МАНынхныг хэлээгүй. Халагдсан хүмүүс ийм асуудалтай байсныг ярьсан. Бас би хууль мөрдөхгүй гээгүй. “Та нар ямар үед хууль мөрддөг, ямар үед хулгай хийдэг юм” гэж хэлсэн. Үгээр хөөцөлдөөд хэрэггүй. Бас намайг хууль зөрчсөн гэсэн шийдвэр Үндсэн хуулийн цэцээс гараагүй.
Н.Энхболд: -Байнгын хорооны тоог бүрдүүлэхгүй, хуралд бүрэн оролцох боломж олгохгүй байхад яаж хамтарч ажиллах юм. Бид Бүлгээрээ таныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг хэлэлцээд саад тавилгүй явсан. Гэтэл “Анхнаас нь дэмжээгүй” гэж яриад байх юм, үүнд гомдоод байдаг юм биш биз.
Н.Алтанхуяг: -Өөгүй хүн гэж байхгүй, гэвч бүгдийг харлуулах хэрэггүй. Намайг сонгогдоход санал өгөөгүй, дэмжээгүй гэж асуудалд хандаагүй. Сөрөг хүчин үгээ хэлэх эрхтэй. Гэхдээ бодит шүүмжлэл хүсэж байгаа юм.
Д.Хаянхярваа: -Байнгын хороон дээр шударга бус гэж хэлэх гээд шударга зүйлд дургүй гэчихсэнийг хэвлэлээр баахан шоолсон. Би Сангийн сайд байхдаа ямар ч хууль зөрчөөгүй, төсвийн хуулиа баримталж ажилласан. Гэтэл хэвлэлээр нэг талыг барьсан ташаа мэдээлэл цацаж байгааг Х.Тэмүүжин сайд Та анхаараач. Намайг хуулийн байгууллага шалгах гэж байхад зугтсан гэсэн. Би энд сууж байна. Шаардлагатай бол гэр орноо нэгжүүлэхэд бэлэн. Аавыг нь барьж хорино гээд байхаар тэр гэр бүлийн сэтгэл санаа ямар байх билээ.
Н.Алтанхуяг: -Мөрөөрөө ажлаа хийж байгаа албан хаагчдад айдас байхгүй. Шинэч лэлийн Засгийн газар зарим хууль бус хэргийг илрүүлээд эхлэхээр сандралдаад байна. Хэвлэл мэдээллийг захирах эрх надад байхгүй. Хуулийн салбарыг цэгцлэх, шинэчлэх төслөө Х.Тэмүүжин сайд өргөн барьсан.
Ж.Энхбаяр:-7000 албан хаагчийг ажлаас нь халчихаад “Авлигачид байсан” гэсэн. Тантай ажиллахыг хүсээгүйнх нь төлөө Та ингэж дуудах ёсгүй. Таны эгчийн охины компани Тавантолгойгоос тонн тутамд 1.5 доллар авч нүүрс олборлох тендерийн гэрээнд ялсныг юу гэж ойлгох вэ?
Н.Алтанхуяг: -7000 хүн гэдэг тоо худал. Тийм бол нэр заагаад оруулаад ир. Өнгөрсөн хоёр хоногт юу ч авч ирээгүй шүү дээ. Ажил сольсон бүх хүнийг авлигач гээгүй. Найман цагт босдоггүй, хагас сайнд ажиллахыг хүсдэггүй хүмүүс нь явсан. Би асуудалтай гэж халсан хүмүү- сийн хээ нэрийн жагсаалтыг гаргаж өгч болно. Би тийм хууль бус юм хийхгүй, буруу зүйл хийсэн бол миний дүү гэлтгүй хариуцлага тооцох ёстой. Хүн болгоныг надтай холбох гээд хэрэггүй, би 18 нас хүрээгүй хүүхдүүдийнхээ өмнөөс бол хариуцлага хүлээнэ.
С.Бямбацогт: -Цэцээр асуудлыг шүүхийн өмнө шийдвэрээ цуцалчихаад одоо би буруугүй гэж байна. Тэгвэл малын хулгай хийсэн хүн баригдмагцаа түүнийг нь өгчихөөд “Би буруугүй” гэх үү. Ийм тохиолдолд хариуцлага тооцох уу?
Ч.Сайханбилэг (Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга): -Гаргасан шийдвэрээ цуцлах, өөрчлөх эрх УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, агентлагийн дарга нарт бий. Харин хууль зөрчсөн байсан уу гэдгийг та бид биш, шүүх тогтооно. УИХ баталсан хуулиа өөрчлөх тоолонд түүнийг малын хулгайн хэрэгтэй зүйрлээд байдаггүй биз дээ.
Д.Оюунхорол гишүүн Н.Алтанхуягийг Монгол Улсын биш, нэг намын Ерөнхий сайд шиг ажиллаж байна хэмээн шүүм жилсэн юм. Бас нүүрс, махны үнийг тогтворжуулах бодлого чинь алд сан, тэгээд ч өөрөө энэ тухай сайн мэдэхгүй байж уг хоёр зүйлийн тухай бүү ярь хэмээн Я.Содбаатар зөвлөв. Бас “Хэвлэлээр намайг шалгаж эхэлсэн гэсэн байна лээ. Тийм юм байхгүй. Тэгээд ч Та хүчний байгууллагаар түрий барих гэж байгаа бол дуугүй сууж байгаад шалгуулахгүй гэдгээ хэлье” гэлээ. УИХ-аас бонд гаргах зөвшөөрөл өгөхдөө дэд бүтцийн томоохон төслүүдийг санх үүжүүлнэ гэсэн. Гэтэл банкуудын үйл ажиллагааг санхүүжүүлээд байх юм хэмээн Д.Дэмбэрэл гишүүн шүүмжилсэн. Хамтраад гаргасан шийдвэрүүдээ буруутгаад байгаа учир өмнөх ажлыг сануулахаас аргагүй байгааг Сү.Батболд гишүүн хэлэв.
Үдээс хойших чуулганы үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаас завсарлага хүслээ. УИХ-ын дарга тэдний хүсэлтийг хүлээн авснаар Н.Алтанхуягийг огцруулах, эсэх шийдвэр хэд хоногоор хойшилж байна.