УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн дэд дарга С.Баярцогтыг хүсэлтээр нь ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэх үеэр
гишүүд ийм хоёр байр суурьт хуваагдав. Оффшор бүсэд байгуулсан компаниа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүйнхээ хариуцлагыг тэрбээр хүлээж, УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт гаргасан билээ.
С.Ганбаатар: -Английн сайтад гарсан мэдээлэлд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулж хууль эрх зүйн орчныг өөрчилсөн гэж таны тухай бичсэн байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ. Оюутолгойн гэрээг нааштай өөрчлөх чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах уу?
С.Баярцогт: -Тэр цахим хаягийг би яг одоо уншиж байна. Үүнд “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг байсан. Мөн 2011 онд Татварын өршөөлийн тухай хуулийг санаачлан батлуулсан” гэсэн байна. Үүнийг Оюутолгойн гэрээтэй холбоогүй, нээлттэй хийсэн зүйлийг л бичсэн байх. Оюутолгойн гэрээг байгуулсны дараа сайжруулахдаа дөрвөн зүйлийн өөрчлөлт хийсэн. Тиймээс ашиг 500 мянгаас нэг тэрбум доллараар сайжирсан юм. Дараагийн хэлэлцээр үргэлжилж, менежментийн хүүгийн суурийг багасгахаар ярьж байсан. Гурав дахь хэлэлцээрийг Монголын хөрөнгө оруулалт, ашиг ямар ч тохиолдолд 53 хувиас буухгүй гэсэн нөхцөлөөр ярьж байсан. Одоо би УИХ-ын гишүүн учраас Засгийн газрыг төлөөлж хэлэлцээр хийх боломжгүй. Сайжруулах боломжтойг хэлж байсан.
Ж.Батзандан: - Гэр бүлийнхнийхээ төлөө санаа зовж байна, ажлаа өгнө гэж та гаднын сэтгүүлчид ярьсан байсан. Гурван сая төгрөгтэй хүн санаа зовдоггүй юм. Энэ бол мөнгө угаах гэмт хэрэг. Гадаадад өөрийгөө хятад гэж бүртгүүлээд компани байгуулаад явдаггүй юм. Ард түмэн ардчилсан УИХ ийм хүмүүст ямар хариуцлага тооцохыг харж байгаа.
С.Баярцогт: -Би Монголын нэг ч хууль зөрчөөгүй. Олон улсын эрэн сурвалжлах сэтүүл зүйн холбоо ч бас намайг хууль зөрчөөгүй, гагцхүү ХОМ-тээ хуулийн дагуу бичсэн үү л гэж асуусан. Орлогыг нь би мэдүүлж байсан. 2012 он хүртэл ХОМ-т компанийн нэр бичих шаардлагагүй байсан. Үүний дараа өөрчлөгдсөн. Би ээж, аавдаа санаа зовж байна гэж хэлсэн. Тэд маань настай, одоо химийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс.
Л.Цог: -23 настай хамгийн залуу гишүүн байхаас нь мэднэ. Сүүлийн үед ямар зоригтой худал ярьдаг болоо вэ. Чи энэ удаа УИХ-ын гишүүнээ больчихож болоогүй юм уу?
С.Баярцогт: -Оюутолгойн гэрээг би ганцаараа хийчихээгүй. Олон Засгийн газар, УИХ дамжсан, ҮАБЗ-өөр олон орж шийдсэн асуудал. Мартчихсан данс гэж хэлээгүй. 2008 ондоо ашигтай гараад түүнийгээ ХОМ-тээ биччихээд үйл ажиллагаа явуулаагүй данс байсан учир дараа нь бичээгүй.
Х.Болорчулуун: Компанийн баримтад Бүрэн эрхт Монгол Улсыг яагаад “Хятадынх” гэж бичсэн юм бэ?
С.Баярцогт: -Дараа дараагийн хуудаст нь тэгж бичсэн байсан юм билээ, би үнэхээр мэдээгүй. Компани үүнийхээ төлөө монголчуудаас уучлалт гуйна.
Т.Оюунбаатар: -Сая доллартай байгаад одоо 1680 еврогийн үлдэгдэлтэй байгаа дансныхаа гүйлгээний баримтыг олон нийтэд үзүүлж болох уу. Хэрэв Та УИХ-ын гишүүн байсан бол түүнээсээ огцрох уу?
С.Баярцогт: - Би бодож байгаад энэ сонголтыг хийсэн. Ийм ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзсэн. Тэр дансанд 2008 оны тавдугаар сарын 29-нд мөнгө оруулсан. Удалгүй хямрал болсон учир 2009 оны хоёрдугаар сарын 24-нд буцааж авсан. Энэ баримтаа АТГ-т өгсөн.
Үүний дараа гишүүд санал хэлэв. Г.Уянга, Ж.Батзандан, Л.Цог, Т.Оюунбаатар тэргүүтэй гишүүн УИХ-ын гишүүнээсээ ч татгалзах ёстой гэсэн байр суурьтай байлаа. Тэр дансанд ямар эх үүсвэрээс, яаж мөнгө орсныг нягтлах ёстой гэж тэд үзсэн. Ц.Даваасүрэн “Уг мөнгө сонгуулийн өмнө байршсан. Дахин сонгогдох магадлалтай улстөрчдөд ийм замаар лообий хийсэн байж болно. Тэр дөрвөн найзаа улстөрч биш гэдгийг Монголын төрд батал. Уг нь Ёс зүйн дэд хороогоор шүүж, хаалттай хуралдаад буруугүйгээ баталсны дараа ингэж суувал Монгол гоё харагдах байсан” гэлээ. Жирийн нэг сэтгүүлч ийм мэдээллийг илрүүлж чадахгүй, өөр дэмжлэг байсан байх, үүний ард төрийн түшээдийн аюулгүй байдал байна хэмээн Н.Номтойбаяр үзсэн. Зарим нь С.Баярцогтыг улс төрд зөв жишиг тогтоож, санаачилгаараа Дэд даргаас чөлөөлөгдөж байна гэлээ. “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор оруулах ёстой. Тиймээс завсарлага авлаа” гэснээр хойшлууллаа.
С.УУЛ