Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хийв. Тус салбарт гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарч, хөрөнгийн хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийддэг, түүнээс дооших нь Засгийн газрын эрхэд байсан билээ. Нэмэлт, өөрчлөлт оруулсан төсөлд “100 тэрбум төгрөгөөс дээш” гэсэн мөнгөн дүнг нь хассан юм.
Төсөлд “төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой” хэмээн ялгасан нь лообий юм биш үү хэмээн гишүүн Ц.Цолмон, Г.Уянга нар харджээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тэдэнд “Төрийн өмчийн оролцоог огт байхгүй болгох гэсэн юм биш, зохих хязгаар тавьж байгаа юм” гэсэн бол УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Хөрөнгө оруулалт буураад байгаа ерөнхий нөхцөл дээр гол хүчин зүйлийн нэг нь энэ хууль юм.
Хуучин хуульд огт байгаагүй заалтыг оруулж байгаа юм биш, хуулийн заалтыг түр зуур сулруулж өөрчлөн найруулсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн барих үеэр энэ асуудлыг эргэж харж болох юм” гэлээ. Ингээд төслийг гишүүдийн 74.5 хувийн саналаар баталлаа.