Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэх үед тэнд 50 гаруй гишүүн
цугласан юм. Нэг Байнгын хороо дээд тал нь 19 хүнтэй учир нэг дор ингэж “десант” бууна гэж хурал зохион байгуулагчид байтугай гишүүд ч мэдээгүй биз. Цөөхөн хүнд зориулсан Төрийн ордны “А” танхимд багталцахгүй балрав. Гишүүд орж ирээд л байдаг, сандал хүрэлцдэггүй. МАН-ынхны талд нэг суудал харагдахад Ё.Отгонбаяр, М.Зоригт хоёр тийш “уралдсан” юм. Ингээд “барианд” зэрэг орж ирээд өнөөх сандлын хоёр талаас чангаалаа.
“Өөрийнх” нь тал учир Ё.Отгонбаяр “Би суучихъя” гэснээр М.Зоригт бүлтэлзэж үлдэхэд хүрлээ. Ашгүй сэтгүүлчид сандлаа өгч, түүнийг эвгүй байдлаас аварсан. Танхимын багтаамж муу байхад Ажлын алба, Байнгын хорооныхон гэх мэт хэрэггүй “хэрэгт дурлагч” олон байсан нь ч ийм байдал үүсэхэд нөлөөлсөн юм. Энэ байдлыг ухаарсан Хэвлэлийн албаныхан хэрэгт дурласан ажилтнуудаа дуудаж гаргаснаар байдал арай дээрдсэн.