1996 онд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах төлөвлөгөөг боловсруулсан “Элсний 13” хэмээн нэрлэгдсэн хүмүүсийг МАН-ынхны үйлдэл санагдуулжээ. УИХ-д олон сонгогдсон гишүүн Р.Гончигдорж энэ байдлыг санаж, тэдэнд “Тэр үеийн элсний 13 одоо олдохгүй шүү” хэмээн сануулсан юм. Ц.Нямдорж ч бас тэр үед нь байсан хүн учраас мөчөөгөө өгөлгүй “Элсний 13-ын анхдагч нь та өөрөө биз дээ” гэв. АН-ын гишүүн бухимдаж, үгүйсгэлээ.
Ц.Нямдорж МҮАН-ын Н.Батцэрэгээс дэмжлэг хүсэж, “Батцэрэг ээ, энэ үнэн биз дээ” гэхэд өнөөх нь инээхээс хэтэрсэнгүй. Дараа нь чуулганы хуралдааны үеэр Хууль зүйн сайд асан маань Р.Гончиг дорж гишүүний хажууд суугаад нэлээд хуучлав. Байнгын хорооны хуралдаан дээр эхлүүлээд орхисон сэдвээ үргэлжлүүлсэн ч байж мэдэх тэдний зургийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайд гар утсаараа дарж, баримтжуулж харагдсан.