УИХ-ын Ёс зүйн дэд хороо өчигдөр хаалттай хуралдаж, С.Баярцогтын ёс зүйг шүүв. Гишүүн Д.Батцогт тэргүүтэй долоон хүн УИХ-ын дэд дарга С.Баярцогт оффшор бүсэд байгуулсан компанийнхаа нэрийг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичээгүй асуудлыг тус Дэд хороогоор хэлэлцэх санал гаргасан юм. Тэд энэ бүхний ард илүү ноцтой асуудал бий учраас зөвхөн УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх нь хангалтгүй гэж үзжээ. 14.00 цагт хуралдахаар зарласан байсан Дэд хорооны хурал ирцээ бүрдэхийг хүлээсээр 30 минутын дараа эхлэв.

М.Батчимэг гишүүний ахалдаг уг Дэд хороо нийт найман гишүүнтэй. Даргаас нь гадна Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Ш.Түвдэндорж, Б.Наранхүү, Д.Тэрбишдагва нар ирсэн тул хуралдаан эхэлсэн. С.Баярцогт гишүүн Ёс зүйн дэд хорооны даргаас ч түрүүлж ирээд “В” танхимд хүлээж байлаа. Хэлэлцэх асуудлаа танилцуулсны дараа “Шаардлагатай гэвэл хурлыг хаалттай хийх горим бий” гэдгийг М.Батчимэг дарга нь танилцуулж, Д.Эрдэнэбат “Асуудлыг олон талаас нь ярилцах шаардлагатай учраас хаалттай хуралдъя” гэв. Энэ саналыг олонх дэмжсэнээр хэвлэл мэдээллийнхэн танхимыг орхисон юм. Цаг гаруй хаалттай хуралдаад Дэд хорооны хурал дуусав.
Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг сэтгүүлчдэд “Ашиг сонирхлын зөрчлийн хуулийн дагуу гишүүд бүх компанийнхаа нэр, орлогыг мэдүүлэх ёстой. С.Баярцогт гишүүний мэдүүлэгтээ эзэмшдэг компаниа бичээгүй нь ёс зүйн алдаа байсан гэж Дэд хороо үзлээ” гэсэн товч тайлбар хийв. Энэ асуудлыг маргааш чуулганаар дэлгэрэнгүй хэлэлцэх юм.
С.УУЛ