Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын зохион байгуулалтын талаар Гадаад харилцааны сайд Л.Болд, холбогдох бусад хүн өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 27-29-нд болох олон улсын уг арга хэмжээнд одоогийн байдлаар 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байна. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг өндөр албан тушаалтнууд ирэх аж. Мөн Ерөнхийлөгчийн урилгаар Нобелийн шагналт, Мьянмарын удирдагч Ан Сан Сун Чи хүрэлцэн ирнэ. Гадаадын 50 орчим хэвлэл мэдээллийн агентлаг уг арга хэмжээг сурвалжлах хүсэлтээ гаргаж, дотоодын 200 гаруй сэтгүүлч мандат авчээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс хоёр жилийн өмнөөс даргалж буй.

Мөн олон улсын өндөр ач холбогдолтой, том арга хэмжээг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж байгаа тул бэлтгэл ажилд их анхаарсан байна. Өмнө нь 2003 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын хурлыг эх орондоо зохион байгуулж байсан ч үүнд 600 орчим төлөөлөгч оролцож байсан гэнэ. Олон улсын хурлын үеэр тээврийн тусгай горим үйлчилж, тэгш, сондгой дугаараар тээврийн хэрэгсэлд хязгаар тогтооно. Хотын удирдлага, иргэдийн оролцоо их байгааг Гадаад харилцааны сайд дахин дахин сануулж байлаа. Гол арга хэмжээ даваа гаригт болно. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ирж буй тул аюулгүй байдлын үүднээс энэ өдрийг амралтынх болгох саналыг зохион байгуулагчид гаргасан ч хуулиар боломжгүй байжээ. Л.Болд сайд “Энэ бол манай улсын хувьд маш ач холбогдолтой арга хэмжээ. Бусад улс орон Монголын ардчиллын туршлагыг судална” гэлээ. Мөн онцын шаардлагагүй бол даваа гаригт хотын төвөөр зорчихгүй байхыг иргэдээс хүсэв.
Даваа гаригт МАХН-ынхан жагсаал зохион байгуулах мэдээлэл гарсныг асуухад “Төрийн ордны эргэн тойронд тусгай хамгаалалт гарна. Тиймээс өөр хэсэгт хуулийн дагуу зөвшөөрлөө аваад жагсах эрх нь бий. Ардчилсан улс оронд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хэвийн үзэгдэл учраас үүнд гайхах зүйл байхгүй” гэлээ. Траншейны хүүхдүүдийг хотоос гаргана гэсэн мэдээллийг “Зохион байгуулалттайгаар гаргах арга хэмжээ байхгүй. Хэд хэдэн салбар хурал нь томоохон зочид буудлын хурлын танхимд болно, төлөөлөгчид Сүхбаатарын талбайгаар явна. Тэр үед гудамжны иргэд гуйлга гуйхыг үгүйсгэхгүй. Ийм дүрээр аюулгүй байдалд халдах тохиолдол гарч болзошгүй учраас тэдгээр иргэдийг зочдод ойртохыг л хязгаарлаж байгаа” гэв.
ГХЯ, төрийн тусгай албаны унаа хүрэлцэхгүй учраас яам, тамгын газраас унааг нь дайчлах гэнэ. Энэ бүх арга хэмжээг зохион байгуулахад зориулан улсын төсөвт гурван тэрбум төгрөг суулгасан аж. Уг төсөвтөө багтаан бэлтгэл ажлыг базаажээ.
С.ТУУЛ