УИХ-аас 2013 оны дөрөвдүгээр сарын 11-нд 25 дугаар тогтоол гарган Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрөвдүгээр
сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, зургадугаар сарын 26-ны лхагва гаригт санал хураалтыг явуулахаар тогтсон. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар тодруулав.
-Гадаадад байгаа иргэдийнхээ саналыг хэдийд авах вэ?
-Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах өдрийг УИХ тогтоодог бөгөөд уг санал авах өдөр нь гурав хүртэл өдөр байж болно гэж хуульчилсан. УИХ-ын тогтоолд заасны дагуу зургадугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд гадаад улсад байгаа иргэдийн саналыг авна.
-Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаагаа хэдийнээс эхлэх вэ?
-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 10 хоногийн дараа эхлүүлж, 10 хоногийн хугацаанд дуусгахаар хуульд заасан. Тэгэхлээр УИХ-д суудал бүхий нам, эвсэл болсон намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг тавдугаар сарын 3-ны өдрөөс эхэлж тавдугаар сарын 12-ны өдөр дуусгах ёстой.
-Намууд нэр дэвшүүлэх ажиллагааг хэрхэн хийх ёстой вэ?
Намын их хурал, эсвэл намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар нэр дэвшүүлэх асуудлаа хэлэлцэж шийдвэрлэнэ. Намын төлөөллийн төв байгууллага гэдгийг намын бага, бүгд хурал, үндэсний зөвлөлдөх хороо, тэдгээртэй адилтгах байгууллага гэж ойлгож болно.
-Ямар шаардлага хангасан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ?
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлагын тухай Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд зааснаар, 45 нас хүрсэн, сүүлийн тав-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн нэр дэвшиж сонгогдох эрхтэй. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь өргүй, зээлгүй, ялгүй байх, төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол төрийн албанаас чөлөөлөгдсөн байх зэрэг нийтлэг шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан байдаг.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хуваарь хэзээ гарах бол?
-СЕХ саяхан хуралдаж, Монгол Улсын Ерөнхийл өгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийг баталлаа. Энэ хуваарийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлсэн байгаа. СЕХ-ны цахим хуудаст цаг хугацааны хуваарийг бас байршуулсан тул хэн ч үзэж танилцах боломжтой.
-Гадаад улсад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг яаж зохион байгуулах вэ?
-Гадаад харилцааны яамтай хамтарч байгуулсан комисс зохион байгуулна. Хамтарсан комиссыг энэ сардаа багтаан байгуулах бөгөөд комисс нь гадаад улс оронд байгаа Дипломат төлөөлөгчийн газрынхаа дэргэд салбар комис соо тавдугаар сарын 05-наас өмнө байгуулна.
-Сонгууль зохион байгуулдаг хороодоо хэзээ байгуулах вэ?
-Хуульд заасан гурван түвшний хороог зохион байгуулна. Нэгдүгээрт, аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө СЕХ, хоёрдугаарт, сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, гуравдугаарт, хэсгийн хороог санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулахаар хуульчлагдсан. Ер нь тавдугаар сарын дунд гэхэд сонгуулийн бүх хороо байгуулагдсан байх ёстой.
-Нэр дэвшигчид сурталчилгаагаа хэдийд эхэлж болох вэ?
-Нэр дэвшигч нь үнэмлэх авсан өдрөөс сурталчилгаагаа эхлүүлж санал авах өдрийн өмнөх өдөр дуусгана. СЕХноос Ерөнхийл өгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 35 хоногийн өмнө нэгдсэн журмаар олгоно. Энэ нь тавдугаар сарын 22-ны өдөр байх болов уу.
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураахад автомат машин хэрэглэх үү?
-Хэрэглэнэ. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг 2011 онд УИХ баталсан. Энэ хуулиар Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХын сонгуульд автоматжуулсан системийг хэрэглэх эрх зүйн үндсийг тогтоож өгсөн. Мөн Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд автомат техник хэрэгсэл хэрэглэх тухай 69 дүгээр тогтоолыг УИХ 2012 оны 12 дугаар сард батлан гаргасан.
-Автомат машины талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим сөрөг мэдээлэл гараад байгаа...
-Сонгуульд шинэ техник технологийг нэвтрүүлэх явцад зарим нэг сөрөг сурталчилгаа, нэг талыг баримталсан өрөөсгөл шүүмжлэл гарсан. Гэхдээ манай сонгогчид, дийлэнх нам, улс төрийн хүчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжиж, олны дунд итгэл үнэмшил бий болгосноор өмнөх сонгуулиуд элдэв будлиан, үймээн самуунгүй болж ирсэн гэж бид ойлгож байгаа. Хурууны хээгээр сонгогчоо таньж бүртгээд автомат машинаар саналыг нь авч дүнг нь СЕХ-ны төв серверт дамжуулдаг автомат системийг нэвтрүүлж чадсан нь манай улсын сонгуулийн 20 жилийн түүхэнд том дэвшил, шинэчлэл болсон гэж үзэж байна. Одоо энэ техник технологийн шинэчлэл, дэвшлээс ухрах эрх бидэнд байхгүй. Харин энэхүү сонгуулийн шинэчлэл, автоматжуулалтыг улам боловсронгуй болгох талаар ярьж сурталчилбал улс эх орны хөгжилд тус нэмэр болно.
-Автомат машины талаарх хардалт сэрдэлтийг арилгах талаар СЕХ-ноос юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Хуульд энэ талаар тодорхой заалт бий. Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар суманд нэг, дүүрэгт хоёр хэсгийг сонгож хяналтын тооллого хийлгэнэ.
-Бүх сум, дүүрэгт хяналтын тооллого хийх юм уу? Дүн гаргахад саад болох юм биш үү?
-Бүх сум, дүүрэгт хяналтын тооллого хийнэ. УИХ-ын сонгуулиар зөвхөн тойргийн хэмжээнд хийж байсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар 330 сум, есөн дүүрэгт нийтдээ 348 хэсэгт хяналтын тооллого хийнэ гэсэн үг. Хяналтын тооллогыг гараар хийх тул хугацааны хувьд удах байх. Өмнөх сонгуулиудаар хяналтын тооллогыг нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагч нарыг байлцуулан ил тод хийж байсан, ямар нэгэн гомдол гарч байгаагүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар мөн нам, нэр дэвшигчдийн ажиглагчыг байлцуулан хяналтын тооллого хийнэ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв хэлэлцэж байхад, зардлын дийлэнх хувь нь урамшуулал байна, хасах хэрэгтэй гэж зарим гишүүн шүүмжлэлтэй хандаж байсан.
-Ер нь зардлыг хэмнэх, багасгах хэрэгтэй гэдэгт бид санал нийлж байгаа. Тийм ч учраас СЕХ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг батлагдсан төсвөөс /17.2 тэрбум/ нь 1.4 тэрбум төгрөгөөр бууруулж 15.8 тэрбум төгрөгөөр тогтоох саналаа УИХ-д оруулсан. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн хорооны гишүүний тус хороонд ажилласан хугацааны хөлсийг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож олгоно гэсэн заалт байсныг. саяхан болтол мөрдөж ажилласан. 2012 оны хуульд, ажилласан хугацааны мөнг өн урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэсэн заалт бий. Үүний дагуу л СЕХ саналаа оруулсан юм.
-Хурц шүүмжлэл дагуулсан энэ зардлаа орон нутагт яаж хуваарилах вэ?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод болон хэсгийн хороодод төсөв хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих, тайлан гаргах тухай журмыг боловсруулж батлаад байна. Энэ журамд зааснаар УИХ-аар батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хуваарилна, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хорооддоо, сум, дүүргийн сонгуулийн хороо нь хэсгийн хорооддоо хуваарилна.
-Үүнд хэн хяналт тавих вэ?
-Төсвийг хууль журамд зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулахгүй байх, зардлыг эдийн засгийн ангилал хооронд шилжүүлэхгүй байх, хэмнэлт гаргаж ажиллах, зардлын үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх тухай заалтууд хуульд бий. Зардлын зарцуулалтад хяналт тавьж хариуцлага тооцох эрх нь аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод байгаа.
Р.ЖАРГАЛАНТ