Туршлагатай улстөрчийн нөхөрсөг зөвлөгөө залуу гишүүн Ж.Энхбаярт хандсан юм. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлээ баталгаажуулахаар МАН-ынхан Монголбанкинд хандаад, “Улсын нууц” гэсэн хаалттай таарсандаа гомдолтой байгаа. Энэ тухай нь Р.Гончигдорж гишүүн чуулганы хуралдаан дээр “Монголбанкны ерөнхийлөгчийн ирүүлсэн бичигт бондоор алт аваагүй гэдгээ тодорхой бичсэн байна. Бондын арилжаанд саад болох, нэр хүндийг нь унагах зорилгоо та нар биелүүлж чадлаа” хэмээн шүүмжилсэн юм. Ж.Энхбаяр гишүүн энэ үеэр ярианд нь оролцож, хоёр хавтас өргөж үзүүлээд “Та худлаа яриад байна, мэдээлэл нь энд бий” гэв. Ах гишүүн нь “Ж.Энхбаяр аа, тавьтартай бай. Зургаан сарын өмнө чи надад “Ах аа, ёстой сургамж боллоо. Би дахин алдаа гаргахгүй” гэж нүдэндээ нулимс цэлэлзүүлж байгаад хэлсэн. Гэтэл одоо алдаа гаргаж байна шүү, миний дүү” гэлээ. Яг ямар асуудлаар Р.Гончигдорж гишүүнээс сургамж зөвлөгөө авсан нь тэдний хооронд үлдэх биз. Юутай ч залуу гишүүн “амласандаа” хүрч чадаагүйг ах нь дэлгэж орхив.