Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болох гэж буй учраас хотын төвөөр гадаадынхан олширчээ. Төлөөлөгчид хурал эхлэхээс өмнө хот үзэж яваа бололтой. Анх удаа олон улсын, өндөр ач холбогдолтой арга хэмжээ зохион байгуулах гэж буй тул манайхан ихэд хичээн бэлдсэн. Царай муутай хүмүүсийг энэ өдрүүдэд хотын төвөөр эргэлдэхгүй байхыг цахим сүлжээнийхэн сануулаад амжсан. Улсынхаа нэр хүндийг бодож байгаа нь тэр. Траншейны гэх иргэдийг хэсэгтээ хотоос гаргачихдаг юм байж, оюутнуудыг дотуур байранд нь цагдлаа гэж бодъё. Тэгвэл царай муутай төрийн түшээдээ яах вэ гэсэн том асуудал үүсэв. Олон улсын төлөөлөгчид ирж байхад царай тааруухан гишүүн урдуур, хойгуур нь үзэгдээд гүйгээд байвал бас л улсын нэр хүндэд муу. Энэ талаар хотын удирдлагууд, тодруулбал Э.Бат-Үүл дарга бодолцохоо мартчихжээ.