Энэ сарын 14-нд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалт Сонгинохайрхан дүүрэгт болж өнгөрсөн. Тус тойргийн хороо дахин санал хураалтын дүнгийн тухай шийдвэр, санал хураалтын дүнгийн тайлан, дүнг хэлэлцсэн хуралдааны шийдвэр зэрэг баримт материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчихөөд буй.
Дахин санал хураалт болсон орой тус тойргийн 42, 61 дүгээр хэсэгт хуульд заасны дагуу хяналтын тооллого хийхээр шийдвэрлэсэн. Тэгвэл хяналтын тооллого хийсэн дүнгийн тухай протоколыг мөн СЕХ-нд ирүүлсэн байна. Хяналтын тооллого хийхэд тойргийн болон хэсгийн хорооны гишүүд, мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн ажилтан, намуудын ажиглагч нарыг байлцуулан хийжээ.
Мөн протоколд гараар тоолсон хяналтын тооллогын дүн нь санал авах, дүн гаргах автомат төхөөрөмжийн дүнтэй тохирсон байна.
Р.Цэцэг