Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын хурлын төлөөлөгч, Чех улсын тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Карел Шварценценбергийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Монгол, Чех улсууд олон жилийн уламжлалт, найрсаг харилцаатай. Европын холбоо, түүний дотор Чех улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг гэж Ерөнхий сайд хэллээ. Манай улсын 300 гаруй иргэн Чехэд дээд боловсрол эзэмшсэн. Өнөөдөр 120 гаруй монгол оюутан суралцаж байна. 2010 онд Тэргүүн шадар сайд байхдаа Чехэд очиж туршлага судалж байсан талаар Ерөнхий сайд дурдлаа.
Хоёр орны эдийн засгийн харилцаанд ахиц гаргахад Монгол Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссийн хуралдаан чухал үүрэг гүйцэтгэж байгааг Засгийн газрын тэргүүн хэлээд энэ оны 8 дугаар сард энэ хуралдаан Прагад болно, энэ нь уламжлалт харилцаагаа сэргээхэд, танай орны туршлагаас суралцахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Монгол Улсын эдийн засаг хөгжиж байгаа нь илт мэдрэгдэж байна. Гэхдээ уул уурхайг хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх нь чухал. Энэ тал дээр манай улс туршлагатай. Энэ туршлагаасаа хуваалцах, хамтран ажиллахад бэлэн гэж Чехийн тэргүүн шадар сайд хэлж байлаа. Тэрбээр 60 жилийн өмнө Монголын түүхийн ном уншиж, бахархан танай сайхан оронд очихыг мөрөөддөг болсон. Энэ хүсэл минь биелж байгаад баяртай байна гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бага хурал Монголд болно
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Кассим Жомарт Токаев гурав дахь өдрөө үргэлжилж буй Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын 7 дугаар бага хуралд оролцож байна. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг өнөөдөр уншиж танилцуулах юм. К.Ж.Токаев Бүгд найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2006 онд Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад айлчилж байжээ. Монгол Улс АОХН-ийг даргалах хугацаандаа ардчиллын боловсролд анхаарч ажилласан. Даргын халаагаа өнөөдөр Эль Сальвадор улсад хүлээлгэж өгнө. Гэсэн ч хамтын ажиллагаагаа сааруулахгүй, улам идэвхтэй оролцоно. Ардчилал, энх тайвны төлөөх үйлсэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллах болно гэж Ерөнхий сайд хэллээ.
Мөн НҮБ-ын үйл ажиллагаанд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийг зорьж ажиллана гээд манай улс Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгууль, Аюулгүйн зөвлөлийн 2022 оны сонгууль, нэрээ дэвшүүлсэн байгааг хэллээ. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн 32 дугаар бага хурлыг ирэх онд Монгол улсад зохион байгуулна. Бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулахад НҮБ-аас дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд 929 албан хаагч илгээж, хүнд нөхцөлд ажиллуулж байгаад ноён Токаев талархаж байлаа. Дэлхийн хэмжээд 120 мянган албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож, үүнд 70 тэрбум доллар зарцуулж байгаа нь энэхүү ажиллагаанд НҮБ ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл гэлээ. НҮБ-ын үйл ажиллагаанд оруулах хувь нэмрээ ихэсгэх, олон улсын нэр хүндтэй байгууллгад ажилллах монголчуудын тоог нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаа тухайгаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийлснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлах болно гэж ноён Токаев хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.