Дөрөвдүгээр сарын 28, 29–ний өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Ж. Бөрнс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОНХ) Сайд нарын VII бага хуралд оролцож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад Хэргийн Сайд Л. Болд зэрэг Монгол Улсын төр, засгийн өндөр дээд түвшний албан тушаалтнуудтай үр дүнтэй уулзалтуудыг хийлээ. АНУ-Монгол улсын хоёр талт харилцааг дүгнэн авч үзэх, хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар эдгээр уулзалтуудаар хэлэлцэх боломжтой болсон байна.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бөрнс Афганистан дахь аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчинд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, үүнийгээ 2014 оныг дуустал үргэлжлүүлэхээр болсон явдалд талархаж байгаагаа илэрхийлэв. АОНХ-ийн Сайд нарын VII бага хуралд Төрийн нарийн бичгийн даргын орлогч оролцож байгаа нь ардчилсан шилжилтийн үйл явцыг АНУ тууштай дэмжиж буйн илэрхийлэл юм.
Монгол Улс нь АОНХ-ийг хоёр жилийн хугацаанд амжилттай удирдаж, нийгэмлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасан явдалд Төрийн нарийн бичгийн даргын орлогч Бөрнс баяр хүргэв. Ардчилсан байгууламжуудыг байгуулах, Засгийн газрын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, иргэний нийгэмтэй нягт хамтран ажиллах зэрэг чиглэлд гаргаж буй хичээл зүтгэлээрээ Монгол Улс нь ардчилсан шилжилтийг хийж буй бусад улсуудад үлгэр дуурайлал болсон байна.