УИХ-ын гишүүн С.Баярцогт дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай яриа гармагц л АН-ынхан дотор түүний оронд очиж байна хэмээн зүүдлэх хүн олширсон. Хүн өөрийгөө голдоггүй юм болохоор горилогчдын тоо ч нэмэгдээд явчихав. Ж.Батзандан, Б.Болор, Г.Баярсайханаас авахуулаад улс төрд бол амны салиа нь арилаагүй залуус УИХ-ын дэд дарга хийж чадна хэмээн боджээ. “Сул суудал” гарсан дээр нь УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг нэлээд идэвхтэй хөөцөлдөж, Р.Бурмааг нэр дэвшүүлэхээр үзэж тарж байгаа юм. Үүний эсрэг талд Г.Батхүү, Р.Гончигдорж, Р.Амаржаргал нарын нэр ч дуулдав. Эд бол дээрх залуусыг бодвол УИХ-ын дэд даргын албан тушаалыг хашиж чадах өрсөлдөгч.
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаан нэлээд ширүүхэн болсон байна. Шалтгаан нь УИХ-ын дэд дарга хэмээх томоохон албан тушаалын “бялуу”-г хэн нь хүртэх тухай маргаан байв. Үдээс өмнөх хуралдааны үеэр “Алтангадас” фракцаа ахалдаг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүнээс дутахааргүйгээр намдаа нөлөөгөө ахиулж буй МоАХ-ны Х.Баттулга хоёр үгэн “дайн” хийсэн аж. Энэ “бялуу”-наас хэнийх нь фракц хүртэх талаар тэд өөр өөрийн үндэслэлүүдийг дэвшүүлэн маргалдсан юм байх. Сүүлийн хэдэн жилд АН-ын толгой өөд улам л өгсөх болсон Х.Баттулгыг Н.Алтанхуяг нь “Чи яасан ханаж цаддаггүй юм бэ” хэмээн загнасан гэнэ. Энэ хоёр “хүчийг үзэж” байх зуур залуус ч дуугүй байсангүй. “Юм л бол ах нар албан тушаалд очих юм. Одоо залуусаа дэмжих ёстой” гэсхийн үг унагахаа мартсангүй. С.Баярцогт бол “Алтангадас” фракцын хүн. Тиймээс уг албанд өөрийн хүнээ л тавих ёстой гэж “Алтангадас”-ынхан зүтгэв.
Х.Баттулга болохоор ээлжлэх сонирхолтой байж л дээ. Хэвлэлээр Г.Батхүүг УИХ-ын дэд дарга болно хэмээн мэдээлсэн. Фракцынхан нь түүнд санал тавьсан ч татгалзсан юм байна. Тэрбээр 2008-2012 оны УИХ-д дэд даргын алба хашиж явсан нэгэн. Тиймээс бусдадаа боломж олгоё гэж үзжээ. МҮДНаас угшилтай Р.Амаржаргалын тухайд Бүлгийн хурал дээр яриа өрнөөг үй бололтой. Учир нь УИХ-ын сонгуулийн дараахан мань эр “УИХ-ын дарга л биш бол бусдыг нь хийхгүй” хэмээн зангараг заасан юм билээ. Ингээд “ах” фракцаас Р.Гончигдорж, бүсгүйчүүд ба МоАХ-ны зүгээс Р.Бурмаа тунаж үлдэв. Тэгэхээр Р.Бурмаад эмэгтэй гишүүдийн бүлэг, бас багагүй нөлөөтэй МоАХ гэсэн хоёр дэмжигч байна гэсэн үг. Энэ хоёрын хэн нь УИХ-ын дэд дарга болох талаар үдээс өмнөжин маргаад үр дүнд хүрээгүй учир АН-ын бүлгийн хуралдаан түр завсарласан юм.
УБХ-ын дарга, Монгол Улсын дэд Ерөнхийлөгч байсан туршлагатай түшээ учраас Р.Гончигдорж аль ч талаасаа энэ албанд тохирно. Гэхдээ фракцуудын довтолгоон хүчтэй учраас Р.Бурмааг түүнтэй тулуулахаар шийдсэн аж. АН-ынхан үдээс хойш үргэлжл үүлэн хэлэлцээд Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхээр тохирчээ. Асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм.
С.ТУУЛ