Төрийн байгуулалтын байнгын хорооны дөрөвдүгээр сарын 16-ны хурлын үеэр гишүүд хэдэн цагийн турш буруу булхай, алдаа, оноогоо хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар ширүүхэн мэтгэлцсэн юм. Дараа нь Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад ч энэхүү асуудал дахин сөхөгдсөн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ерөнхий сайд хоёрын дунд өрнөсөн ярианаас сийрүүлье.
Гишүүн Ж.Энхбаяр:-7000 албан хаагчийг ажлаас нь халчихаад “авлигачид байсан” гэсэн. Тантай ажиллахыг хүсээг үйнх нь төлөө Та ингэж дуу дах ёсгүй. Таны эгчийн охины компани Тавантолгойгоос тонн тутамд 1.5 доллар авч, нүүрс олборлох тендерт ялсныг юу гэж ойлгох вэ?
Н.Алтанхуяг: -7000 хүн гэдэг тоо худал. Тийм бол нэр заагаад оруулаад ир. Өнгөрсөн хоёр хоногт юу ч авчраагүй шүү дээ. Ажил сольсон бүх хүнийг авлигач гээгүй. 08.00 цагт босдоггүй, хагас сайнд ажиллахыг хүсдэггүй хүмүүс нь явсан. Би асуудалтай гэж үзээд халсан хүмүүсийнхээ нэрийн жагсаалтыг гаргаж өгч болно. Би тийм хууль бус юм хийхгүй, буруу зүйл хийсэн бол миний дүү гэлтгүй хариуцлага тооцох ёстой. Хүн болгоныг надтай холбох гээд хэрэггүй. Би 18 нас хүрээгүй хүүхдүүдийнхээ өмнөөс бол хариуцлага хүлээнэ гэсэн.
Дээрх яриаг эргэн сануулахын учир бол, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Б/17 тоот захирамжаар аймгийнхаа ерөнхий боловсролын 24 сургуулийн захирал, 27 цэцэрлэгийн эрхлэгчийг түр үүрэг гүйцэтгэгч болгон ажлаас нь чөлөөлж, оронд нь томилох хүмүүсийн сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 12-нд явуулжээ. Энэхүү захирамжтай холбоотой хэд хэдэн хууль зөрчсөн үйлдэл илрээд байгаа юм. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны нэгдүгээр сарын 31-нд Ховд аймаг дахь салбар зөвлөлд “Салбар зөвлөлийн дарга нарыг албан ёсоор баталгаажуулах хүртэл хугацаанд төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зарлахгүй байх” зөвлөмж хүргүүлжээ. Мөн Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 34 дүгээр захирамжаар Засаг даргын дээр дурдсан захирамжийн биелэлтийг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлсэн байна. Гэсэн ч Д.Цэвээнравдан хууль зөрчиж, сонгон шалгаруулалт явуулсан төдийгүй аймгийнхаа сонин, телевизээр нэрийг нь зарласан. Чингэхдээ орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар зохион байгуулна гэсэн журмыг зөрчиж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан байна. Дээрх асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар уржигдар хэлэлцээд, Засаг даргын захирамж болон сонгон шалгаруулалт нь хууль зөрчсөнийг тогтоосон аж. Иймд анхан шатны шүүхэд гаргасан Засаг даргын гомдлыг түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тогтоол гаргажээ. Хөдөөгийн сургуулийн захирлуудын холбооноос Үндсэн хуульд нийцсэн, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай бөгөөд хууль зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан дээрх үйлдэлд шаардлагатай арга хэмжээ авч өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарт хандан гаргажээ.