УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболдтой ярилцлаа.
-УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаас танай Бүлэг завсарлага авлаа. Сонгинохайрханаас сонгогдсон
Д.Сумъяабазарын тангаргийг өргүүлсний дараа энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна гэж ойлголоо.
-УИХ-ын Бүлгүүдээс Дэд даргад нэр дэвшүүлээд, чуулганаар баталгаажуулдаг. УИХ-ын үйл ажиллагаанд намын үүднээс биш, Парламентыг бүрдүүлж буй олон үзэл бодол, байр суурийг зохицуулахын тулд Бүлэг байдаг, тэндээс Дэд даргад нэр дэвшүүлдэг. Тиймээс УИХ-ын дэд дарга гэдэг бол төрийн их том албан тушаал. Хуулийн агуулга, дагаж ирсэн жишгийг харсан ч тэр, Р.Гончигдорж гишүүнийг Дэд даргаар сонгоход бидэнд асуудал байхгүй. Гол нь УИХ өнөөдөр 74 гишүүнтэй байна. Уг нь 76 гишүүн байх ёстой. Тиймээс саналаа өгч, сонгосон иргэдийн төлөөллийн бүрэн эрхийг аль болох хурдан баталгаажуулах учиртай. Гэтэл Даргын зөвлөлөөр оруулаагүй учраас тангараг өргөх асуудлыг шийдэх боломжгүй гээд хойшлуулчихлаа. Энэ бол Даргын зөвлөлөөр оруулж шийддэг асуудал биш.
Сонгогдсон гишүүн оролцсон анхны хуралдаандаа бүрэн эрхээ хэрэгжүүлж, тангаргаа өргөөд явах хуультай. Нэгэнт ард түмнээс санал аваад хоёр ч удаа сонгогдчихсон хүн шүү дээ. УИХ-ын чуулган дээр “Ард түмнээс мандат авч сонгогдсон хүний бүрэн эрхийг баталгаажуулах, эсэхийг бусад гишүүн нь шийдэх ёсгүй” гэсэн санааг гишүүд хэлж байна лээ. Тиймээс эхлээд ард түмнийхээ мандатыг баталгаажуулъя, хэлэлцэх асуудлын дарааллаа зөв болгоё гээд завсарлага авсан. Түүнээс Р.Гончигдоржийг дэмжихгүй учраас завсарлага авсан юм биш. Завсарласнаас болоод ажил саатаагүй. Энэ хугацаад хуулиа хэрхэн хурдан хэрэгжүүлэх зохион байгуулалтын талаар л УИХ-ын даргатай ярина.
-Даргын зөвлөлийн хуралд Бүлгийн дарга нар оролцдог. Тэр үед та бүхэн энэ асуудлыг тавиагүй юм уу?
-Бүлгийн дэд ахлагч С.Бямбацогт оролцсон. Гэвч тэр үед асуудлыг өргөн бариагүй байсан. Пүрэв гаригт л УИХ-ын даргад СЕХ-ноос Д.Сумъяабазарын нэрийг өргөн барьсан. Тэгээд ч энэ бол Даргын зөвлөлөөр ярих асуудал биш. Ороод ирвэл л шийдээд явчихна. Хуулийн агуулга, дэг зөрчсөн байдлаар чуулган хуралдсан учир засъя, дарааллыг зөв болгоё гэсэн.
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн явцтай холбоотой хууль зөрчсөн баримт бий учир хэдийгээр нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр нь өөрөө дүнг хүлээн зөвшөөрсөн ч АН-ынхан Цэцэд хандахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгээд ч нэр бүхий иргэд энэ асуудлаар Цэцэд хандсан, түүний шийдвэрийг хүлээх ёстой гэж АН-ынхан чуулган дээр ярьж байсан.
-Бид СЕХ, Тойргийн хорооны шийдвэртэй танилцсан. Тойргийн хорооныхон нь “Энэ бол 2012 оны сонгуулийн үргэлжлэл учир цаг, оролцох хүний болон хэсгийн хороодын тоо хэвээр” гэсэн. Үүний хүрээнд УИХ төсвийг нь баталж өгсөн. Хэрэв тухайн үед үүнийг буруу гэж УИХ үзсэн бол бүх шатанд холбогдох өөрчлөлт, зохицуулалт хийх ёстой байсан шүү дээ. Тэгж бодоогүй учраас энд хууль зөрчсөн зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн дахин санал хураалттай зүйрлүүлж байна лээ. Уг дахин санал хураалт орон нутгийн сонгуультай хамт болсон. Орон нутгийн сонгуулийн санал хурааж дуусах цаг нь 22.00 цаг байсан учир УИХ дээр ярьж байгаад зөвхөн энэ тохиолдолд цаг нь адилхан байхаар сунгаж, хуульд нэмэлт оруулсан юм. Сонгинохайрханых бол сонгууль биш, дахин санал хураалт.
-Өвөрхангайн асуудал юу болж байна. Шинэ мэдээлэл байна уу?
-Элэгдтэл нь ярьж байгаа сэдэв л дээ. Өвөрхангай аймгийн сонгогчдоос хамгийн өндөр санал авсан С.Чинзоригийн асуудал үлдээд байгаа. Манай Ерөнхийлөгчийн хэлэх дуртай “Ард түмний сонголт бол хаан” гэдэг үг бий. Энэ талаар бас л адилхан эрхтэй гишүүд нь яриад суух ёсгүй. Шүүх дээр асуудал явж байгаа. Удахгүй шийдэгдээд, хэрэв дундуур нь улс төрийн ямар нэг шалтаг, шалтгаан гарахгүй бол манай С.Чинзориг тангаргаа өргөнө. Ерөнхийлөгчийн сонгуулиар улс төрийн том кампанит ажил өрнөнө. Үүний өмнө ард түмний сонголт, тэднээс авсан мандатаар тоглолт хийх цаг биш. Ингэж тоглох гэж буй хүмүүст ард түмнээ хариу нь хатуухан ирэх байх.
-Өвөрхангайгаас Д.Зоригт тангараг өргөх тухай мэдээлэл чуулганы завсарлагаанаар хэсэг тарсан…
-Энэ тухай би сонсоогүй.
-Саяхан манайд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болж өнгөрлөө. Энэ хурлын өмнө ардчилсан улс гэдгээ батлаад Байнгын хорооны бүрэлдэхүүнийг нэмж, МАН-ын гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах ёстой гэж та бүхэн мэдэгдсэн. Гэвч зарим гишүүнийг Байнгын хороонд оруулаад талыг нь үлдээсэн хагас дутуу шийдвэр гаргалаа. Үүнийг хэзээ бүрэн шийдэх бол?
- УИХ байгуулагдсан цагаас л Парламентын үйл ажиллагааны зарчим алдагдсан, хууль зөрчигдсөн байдал үргэлжилж байгаа. Хэн саад болж байгаа нь ойлгомжтой. Олонхийн олон гишүүн асуудал буруу яваад байгааг мэдэрч, мэдэж байгаа. Намын сахилга, улс төрийн зорилгодоо боогдоод шийдэж чадахгүй байгаа юм билээ. Олон улсын нэр хүндтэй том хурал болж, бидэнтэй ололт, алдаагаа хуваалцлаа. Үүний өмнө бид нүүрээрээ шавхайд хэвтээд яах вэ гэж тал талаас нь ярьсан. Дутуу алсан могой шиг хагас дутуу шийдсэн. Олон улсын хурал дууссан юм чинь гээд энэ асуудлыг орхичихгүй гэж итгэж байна. Бидний ярилцаж, ойлголцох гээд буй зүйлийн нэг нь энэ. АН-ынхан зөвшилцөхөөс буцахгүй байх.
-Олонх өөрийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах сонирхолтой учраас Байнгын хорооны бүрэлдэхүүний асуудлыг бүрэн шийдэхгүй байна гэсэн хардлага бий.
-Энэ асуудлыг тал талаасаа зөвшилцөөд нэг тийш шийдэхээр Ажлын хэсэг гарсан. Энэ үеэр олонхид тийм хандлага ажиглагдсан. Ямар ч тохиолдолд Байнгын хороонд АН 50 хувиас дээш байх ёстой. Тэгэхгүй бол дур зоргоор шийдэх асуудал нь урагш ахихгүй гэсэн айдас байна. Гэтэл АН бусад намтайгаа эвсчихсэн. Тэд УИХ-д 35 суудалтай. Бусад гишүүний саналгүйгээр тэдний байр суурь УИХын бодлого, шийдвэр болж гарах ёс байхгүй. Тиймээс уг асуудлыг хуулийн дагуу шийднэ. Байнгын хороодын гишүүдийг олонх, цөөнхийн харьцаагаар тэнцвэртэй хуваарилах талаар бид цаашид ч ярина.
-Ерөнхий сайдын дүүгийн охин Тавантолгойгоос 17 тэрбум төгрөг авах тендерт хууль бусаар ялсан асуудлыг танай Бүлгийнхэн АТГ, ХЗЯ-нд шалгуулахаар өгсөн. Энэ талаар Та бүхэнд хариу ирүүлсэн үү?
-“Үндэсний шуудан” сонин дээр АТГ-ын ажилтан “Бид уг асуудлыг хуулийн дагуу шалгана” гэсэн байна лээ. “Үүнийг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж байна уу” гэсэн сурвалжлагчийн асуултад “Тийм” гэж хариулсан байсан. Тиймээс шалгаад бидэнд хариу өгөх байх.
С.ТУУЛ