МАН-ынхан Бага хурлаа хийж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоо тодорхой болгов. АН-ын хувьд нэр дэвшигч нь тодорхой ч өнөөдөр Төрийн ордонд Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдаж, Ц.Элбэгдоржийгоо баталгаажуулна. Мөн маргааш Буян-Ухаа цогцолборт “сонгууль эхэлсний” баяр хийх юм билээ. Харин бусад намын хурлын тов тодорхойгүй удав.
МАХН
Сонгуулийн уур амьсгал орохоос ч өмнө МАХН-ынхан Парламентад суудал авсан боломжоо ашиглаж, Ерөнхийлөгчийн сонгуульд дангаар оролцохоо хамгийн түрүүнд мэдэгдсэн билээ. Н.Удвал, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нарын нэгийг сойхоо хүртэл урьдчилан зарласан. Гэтэл одоо таг болов. Хамтарч Засгийн газар байгуулахдаа АН-тай хийсэн “Дараа дараагийн шатны сонгуульд хамтарч оролцоно” хэмээсэн гэрээ ч дүүрч гэж бодъё. Гэтэл УИХ-ын 2012 оны сонгуульд эвсэл байгуулан оролцсон МҮАН-даа ч энэ тухай тэд дуулгаагүй, дураар шийдсэн. Эвсэл дотроо МАХН, МҮАН-ынхан 70:30 харьцаагаар эрх мэдлээ хуваадаг учраас ийнхүү үл тоосон юм биз. Гэтэл нэг эвсэл атлаа зангаа хувиргаж , ядаж урьдчилан мэдэгдэж, асуугаагүйд нь МҮАН-ынхан гомдсон. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө гэдэг шиг хамгийн түрүүнд зараа дуулгасан МАХН-ынхан одоо ярьснаа эргэцүүлэх ёстой гэж үзэв бололтой. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Хуулийнхаа хугацаанд багтан асуудлаа шийднэ. Ойрын үед хоёр намын удирдлага Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, ямар хөтөлбөр дэвшүүлэн ажиллах талаараа ярилцана” гэсэн бөөрөнхий хариулт өгсөн. Энэ сарын 3-наас нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлсэн, 12-нд дуусна. Хурлаа товлохгүй чимээгүй суугаа нь “МАН, МАХН хоёр хамтарна” гэсэн яриаг батлах мэт болж байна.
МҮАН
МҮАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад “Ерөнхийлөгчийн сонгуульд дангаар оролцож, намын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлье” гэсэн шийдвэрт хүрчээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг Бүгд хурал нь баталгаажуулах юм. Хамтарч эвсэл байгуулсан ч МАХН-ынхан аливаа шийдвэр гаргахдаа МҮАН-ынхныг үл тоож байсан учраас тэд ч бас УИХ-д суудалтай намынхаа бүрэн эрхийг эдлэх нь зүй гэж үзсэнээр өрсөлдөгчийн тоо нэгээр нэмэгдэв. МАХНтай эвсэх асуудлаа бүр хойш тавьсан эсэхийг нь Г.Уянга гишүүнээс лавлахад “Энэ талаар ярилцана. Аль болох эвслээсээ хамтарч нэр дэвшүүлэх хувилбар хайна. Гэвч үгүй бол дангаараа оролцоно” гэлээ.
ИЗНН
Тус намын Үндэсний хороо энэ сарын 10-нд хуралдах юм байна. Өмнөх хуралдаанаараа зохион байгуулалтын нэлээд өөрчлөлт хийж, дараа нь дотроо багагүй зөрчилдсөн. Юутай ч удахгүй болох уг хурлаараа ИЗНН-ынхан сонгуульд дангаар оролцохоор шийдвэл хэнийг сойхоо тодруулна. Одоогоор тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хамгийн боломжтой хүн нь дарга С.Оюун. УИХ-д хамт сонгогдсон С.Дэмбэрэлийн тухайд тэр хэмжээнд хүрч өсөөгүй гэдгээ шуудхан мэдэгдсэн. Тиймээс ИЗНН-ын хувьд намын даргаас нь өөр сонголт харагдахгүй байгаа юм.