Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи энэ сарын 8-9-нд манай улсад айлчлахаар болсонтой холбогдуулан тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Шяо Лун өчигдөр мэдээлэл хийлээ. БНХАУ-ын шинэ Засгийн газрын анхны төлөөлөгч Ян Жиечи Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээ хийж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзах бөгөөд хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэх, үйлдвэр, уул, уурхайн салбарт хамтран ажиллах талаар санал солилцох юм байна. Энэ үеэр Элчин сайдаас “Чалко”-гийн гэрээний талаар тодрууллаа. Тэрбээр “БНХАУ уул уурхайн бүтээгдэхүүний хэрэглэгч, эрдэс баялгийг бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэгч орон.
Манай улсын зөвхөн нүүрсний хэрэглээ гэхэд жилд 3.5 тэрбум тоннд хүрдэг. Нийт хэрэгцээт нүүрснийхээ 250 сая тонныг гадаадаас авдаг. Манай хоёр улсын хувьд уул уурхайн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах боломжтой. Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг 2011 онд тогтоосон. Түүнээс хойш бидний харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж ирлээ. Худалдаа эдийн засгийн харилцаанд шинэ шинэ урсгал бий болж байна. БНХАУ-ын нүүрсний зах зээл өргөжин тэлж буй бөгөөд тэрхүү зах зээлд Австралийн нүүрс байр сууриа олсон гэж хэлж болно.
Манай улс тус улсаас коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний аль алийг импортолдог. Түүнчлэн “Чалко” компани нь Монголын “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ хэлэлцээр хийсэн. Энэхүү гэрээ одоогоор зогсонги байдалтай байгаа ч цаашид харилцан ашигтай байдлаар тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Би хувьдаа хоёр компанийг үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж, урт хугацааны хамтын ажиллагаа тогтооно гэдэгт итгэлтэй байгаа” гэв.
Б.Сүрэн