АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ) өчигдөр Төрийн ордонд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Анх удаа тус намынхан дотроо ямар ч өрсөлдөөнгүйгээр одоогийн Төрийн тэргүүнийг улираан дэвшүүлсэн нь энэ. Намын даргад, эсвэл Ерөнхий сайдад ч өрсөлдөх хүсэл эрмэлзэлтэй МоАХ-ны тэргүүн Х.Баттулгыг нэрээ дэвшүүл нэ гэсэн яриа гарсан ч тийм зүйл болсонгүй. Гүйцэтгэх зөвлөлөөс зөвхөн Ц.Элбэгдоржийн нэрийг л ҮЗХ-нд оруулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталсан учир улс төрийн намууд нэр дэвшүүлэх журмаа түүнд нийцүүлэх учиртай. Тиймээс ҮЗХ-ны хурлаар хамгийн эхэнд журмаа шинэчлэн баталсан юм. Энэ хэсэг нь сэтгүүлчдэд нээлттэй байв.
Хурлын тэргүүлэгчид, тооллогын болон редакцын комиссоо сонгосны дараа Ш.Түвдэндорж гишүүн журмын төслийг танилцуулсан. Хуучин журмаар бол Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй гишүүд нь Гүйцэтгэх зөвлөлдөө нэрээ мэдүүлж, улмаар гурван хүнийг шигшин ҮЗХ-нд танилцуулдаг байжээ. Үүнийг “Хоёроос дээш хүний нэрийг ҮЗХ-нд танилцуулна” болгон өөрчилсөн. 2009 онд АНаас зургаан ч хүн Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж, Гүйцэтгэх зөвлөл гурвыг нь шигшин ҮЗХ-нд танилцуулж байсан юм. Энэ мэт багахан өөрчлөлт оруулан журмаа баталсны дараа АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг шийдсэн. Намын дарга Н.Алтанхуяг одоо Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж буй Ц.Оюундарийн нэрийг оруулж, гишүүд нууцаар санал хураан олонх нь дэмжсэн байна.
БАГЛАА ЦЭЦЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧИЙГ ХАЛЬТ ХАРААД ҮЛДЭВ
Гурав дахь асуудал болох Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа хаалттай өрнөв. Намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохоор санал хурааж байх зуур Гүйцэтгэх зөвлөл нь хуралдсан. Төрийн тэргүүнд өрсөлдөх хүсэлтэй бол энэ хурал дээр “зориг гаргах” учиртай байсан. Гэхдээ АН-ынхан 2009 оных шиг “хэт ардчилал” гаргасангүй, хол явахгүй учраас одоогийн Төрийн тэргүүнтэй өрсөлдөөд ч яах вэ гэж бодсон уу, эв нэгдэлтэйгээр шийдвэрээ гаргажээ. Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн хувиар энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцохоо ҮЗХ-ны гишүүдэд танилцуулсан байна. Уг хуралдаанд ҮЗХны 228 гишүүнээс 181 нь оролцож, нууцаар санал хураахад 100 хувь түүнийг улираан нэр дэвшүүлэхийг дэмжсэн аж. Үе үе нижигнэтэл алга ташсан “ёслолын” хуралдаан дууссаны дараа хаалга нээв.
Цэцгийн баглаа тэвэрсэн нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн барааг хэвлэлийнхэн хальт хараад л үлдсэн. Төрийн тэргүүн нам бус байдаг. Тийм ч учраас нэр дэвшигчийн мандатаа автал хэвлэлийнхэнд үзэгдэж, МАН-ын Б.Бат-Эрдэнэ шиг зургаа бардамхан татуулах хуулийн зохицуулалт түүнд дутсан байна. Үүнийг намын дарга Н.Алтанхуяг тайлбарлана лээ. Тэрбээр төгсгөлд нь “Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсад шударга ёс тогтоох, иргэний оролцоотой нийгэм байгуулах, байгаль орчноо нөхөн сэргээх зэрэг олон чиглэлээр ажилласан. Манай улсын нэр хүнд гадаадад ч өслөө. Тиймээс бид жирийн нэг хүнийг биш, хийсэн юмтай хүн нэр дэвшүүлж байна. Түүнийг дахин нэр дэвшүүлэх түүхэн шаардлага байсан юм. Монгол Улсад шинэчлэл, өөрчлөлт хийх тохироо бүрдсэн энэ үед ардчилсан Ерөнхийлөгчөө улираан нэр дэвшүүлж байна. Ардчилсан Парламент, Засгийн газар, Ерөнхийлөгчтэй байж, нэгнээ харилцан нөхөж ажиллая” гэсэн юм.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас зарим зүйл тодрууллаа.
-Ц.Элбэгдорж ямар агуулгатай мөрийн хөтөлбөр танилцуулсан бэ?
-ҮЗХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодрууллаа. СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх олгосны дараа бүх зүйл албан ёсных болно. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрийнхөө чиглэлийг танилцуулсан. Энэ нь хэр таалагдсан эсэхийг санал хураалтаар дүгнэж байгаа юм.
-Өнөөдөр танай намын Их хурал болно. Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэх шийдвэрийг баталгаажуулна биз дээ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд нийцүүлэн бид сая Нэр дэвшүүлэх журмаа баталлаа. Үүний дагуу ҮЗХ-ны хурлаар нэр дэвшигчийг тодруулна. Улмаар шаардлагатай бол дэмжлэг авсан хүнийг Их хурлаар ёсчлон батламжилна гэсэн байгаа.
С.ТУУЛ