“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас зарласан нэг тендерийн дүн дуншиж, шалгаруулалт нь ид үргэлжилж буй энэ өдрүүдэд төрийн өмчит уг үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийн утас залхтал хангинах болжээ. Хүнд даацын өөрөө буулгагч машины дугуй худалдан авах хязгаарлагдмал тендерийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зарлаж, үүнд “Бриж”, “Кимпэкс”, “Монгол Хьюндай”, “Нисээч интернэшнл” гэсэн дөрвөн аж ахуйн нэгж оролцсон байна. Тендерийн дүнг зарлах хугацаа дөхөх тусам “Бриж”-ийнхний зүгээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүд рүү удаа дараа утасдах, уулзалт зохион байгуулах замаар дугуйгаа өндөр үнээр шахахын тулд шударга бус ялалтыг захиалахаар оролдох болсон нь тэдний ажилд дарамт учруулж байгааг эх сурвалж өгүүллээ.
“Бриж”-ийн эзэн бол энэ компаниараа овоглосон улстөрч төдийгүй шинэчлэлийн Засгийн газрын хамгийн хариуцлагатай алба хашиж буй Уул уурхайн сайд Д.Ганхуяг. “Бриж” гэхээр Д.Ганхуяг, Д.Ганхуяг гэхээр “Бриж”-ийг нэрлэж байгаа мэтээр энэ хоёр нэр олны нүд, чихэнд нэг зоосны хоёр тал болтлоо танигдсан. Уул уурхайн сайдын “Бриж” компани төрийн өмчит уул уурхайн компаниудын тендер болгоныг алгасдаггүй нь нууц биш болжээ. Хэдийгээр сайд өөрөө эдгээр тендерт компаниа удирдан оролцдоггүй ч, компанийнхан нь эзнийхээ нэрийг барин уул уурхай дахь бизнесээ цэцэглүүлэх “мастер төлөвлөгөө” боловсруулан зүтгүүлж эхлэв бололтой. Бизнесийнхэнд улс төр хөөх, төрийн өндөр албан тушаалд дэвшин ажиллах эрх нээлттэй. Гэвч төрийн албаны эрх мэдэл, хувийн ашиг хонжоо хоёрыг хольж хутгавал юу болдгийг Д.Ганхуяг сайд мэдэж баймаар.
Ашиг сонирхлын зөрчил бүхий асуудлыг хэлэлцэх үеэр тухайн хуралдаанд оролцох, санал хураалгахаас сайн дураар татгалздаг туршлага лав л УИХ-д бий. Д.Ганхуяг Уул уурхайн сайдын хувьд түүний хувийн компани төрийн өмчит уул уурхайн компанийн тендерт оролцох нь ёс зүйн, сайдын нэрээр түрий барин, тендерийн дүнд нөлөөлөх оролдлого гаргаж байгаа бол хууль зүйн томоохон зөрчил болох нь дамжиггүй юм.
Б.ЭНХ