Саяхан байгуулагдсан Онлайн Парламентаар хэлэлцэх анхны хуулийн төслийг өчигдөр өргөн барилаа. Хуулийн төсөлд иргэдийн санаа бодлыг тусгах энэхүү Ажлын хэсгийн анхны хамтрагч нь С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын гишүүд юм байна.
-Хуулийн төслийн гол үзэл санаа юу вэ?
-Хуулийн төслийн гол агуулга нь НӨАТ төлөгч нь 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байх босгыг 200 сая төгрөг болгох тухай юм. Жилийн орлого нь арван сая төгрөгт хүрвэл НӨАТ төлөгч болно гэж хуульчилсан 2006 оны хууль амьдралд нийцэхгүй төдийгүй харин ч татвараас зайлсхийгчдийг төрүүлээд байна. Өөрөөр хэлбэл мөнгөний үнэ цэнэ унаснаар татвар төлөгч жижиг аж ахуйн нэгж үүдийг хөл дээр нь зогсоох биш, татвараас зугтаах боломж олгосон гэж хэлж болно. Харин тэдний жилийн орлого 200 сая төгрөг болтол нь татвараас чөлөөлөх боломж байгаа.
-Хуулийн төслийг хэзээ хэлэлцэж эхлэх вэ? Хаврын чуулганы хэлэлцэх асуудалд орсон уу?
-НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн бариад хоёр сар болсон ч өнөө хүртэл УИХ-аар хэлэлцэхгүй байна. Гэтэл хуулийг хэлэлцэж, батлах нийгмийн хүлээлт үүссэн гэж хэлж болно. Мөн маш олон иргэн, бизнес эрхлэгчид энэ асуудлаар надтай холбогдож, санал, зөвлөгөө өгч байна. Тиймээс төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Ингэхийн тулд саяхан байгуулагдсан Онлайн Парламентын хамт олонтой хамтран ажиллана. Онлайн Парламент төслийг хоёр долоо хоног иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь онлайнаар авна.
Б.Бямбасүрэн