Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II хуралдаан өчигдөр болох үеэр дипломат паспорттой иргэдийг визээс харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Г.Копп нар гарын үсэг зурлаа.
“Сүүлийн хоёр жилд манай хоёр орны харилцаа эрчимжсэн. Иймд албан ажил гүйцэтгэх хү рээнд ажлаа хөнгөвчлөх үүднээс энэхүү гэрээнд гарын үсэг зурлаа” гэж хатагтай Г.Копп хэлэв. Мөн “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын хүрээнд коксжих үйлдвэр, металлургийн үйлдвэр барих чиглэлээр германы талтай хамтран ажиллах, тэдний дэвшилтэд технолог нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцжээ.
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХАМТАРСАН ДЭЭД СУРГУУЛЬ ИРЭХ НАМАР ЭЛСЭЛТЭЭ АВНА
Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, тех нологийн дээд сургууль байгуулах тухай хамтарсан мэдэг дэлд өчигдөр Боловсрол , шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Г.Копп нар гарын үсэг зурав. БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ “Энэ нь дээд боловсролын салбарт жишиг болохуйц, Европын стандартад нийцсэн сургууль байх болно” гэлээ. Налайх дүүрэгт байрлах сургууль нь ирэх есдүгээр сараас элсэлтээ авах ба 200 гаруй багш нарыг бэлтгэж байна. Эхний ээлжинд 100 оюутан бүртгэж, техник технологийн инженер болон бусад нарийн мэргэжлээр сургах юм байна. Германы тал дөрвөн сая еврогийн хөрөнгө оруулна.
Б.БЯМБА