БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд тавигддаг нэг шаардлага бол санхүүгийн чадварыг батлах хадгаламжийн дансыг өмнө нь зөвхөн ХААН банкинд нээдэг байсан бол одоо Худалдаа хөгжлийн банк, “Голомт” банкны Улаанбаатар дахь тус бүр дөрвөн салбарт нээх боломжтой болжээ. Дээр дурдсан банкуудад виз мэдүүлэгч нь хадгаламжийн данстай бол визийн зориулалттай хугацаат хадгаламжийн гэрээг заавал шинээр байгуулах шаардлагагүй. Тухайн банкнаас тогтоосон журмын дагуу дансныхаа гэрээг шинэчлээд, лавлагаа авна. Өмнө нь урилгатай иргэнд 10 сая, урилгагүй бол 20 сая төгрөгийн банкны баталгаа шаарддаг байсан нь 30 хувиар буурч, долоон сая, 14 сая төгрөг боллоо.
Хялбарчилсан аргаар виз олгох журамд ч өөрчлөлт оржээ. Тодруулбал, таны сүүлийн нэг жилийн цалин нийгмийн даатгалын дэвтэр дээр сар тус бүр нэг сая 400 мянган төгрөгөөс дээш бичигдсэн бол виз мэдүүлэгч болон түүний гэр бүл (эхнэр, нөхөр, хүүхэд), дээрх банкуудын VIP (тусгай) үйлчлүүлэгч бол мөн гэр бүлээрээ, эмчилгээний зорилгоор БНСУ руу хоёроос дээш удаа зорчсон тохиолдолд урилга болон санхүүгийн чадавх гэх мэт бусад материал бүрдүүлэхээс чөлөөлөгдөх юм.
Уг журамд хамрагдах иргэний хүүхдийн насны хязгаарыг 23 хүртэл, гэрлээгүй байхаар өөрчилсөн гэнэ. Уншигч та БНСУ-ын ЭСЯ-ны веб хуудсанд Visa Finder цонхоор орж, сонирхсон визийн бүрдүүлэх материал, олон удаагийн виз, хялбарчилсан аргаар олгох визийн журамтай дэлгэрэнгүй танилцаарай.
Б.СҮРЭН