Даамын Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн гурав дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 5-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдлоо. Бразил, зуун буудалт даамын төрлүүдээр зохиогдсон тус тэмцээнд Узбекистан, Казахстан, Туркменистан, Афганистан, Монгол, Хятад, Малайз, Япон... зэрэг 14 орны 205 тамирчин зургаан насны ангиллаар ухаанаа уралдуулсан юм.
Манай улсаас нийт 52 даамчин оролцсоны 43 нь өсвөр, залуучуудын ангилалд өрсөлдлөө. Багийн бүрэлдэхүүнд Дорноговь аймгаас 9, Завханаас 4, Орхоноос 3, Хэнтий, Увсаас тус бүр 2, Хөвсгөлөөс 1, Улаанбаатараас 30 гаруй даамчид багтсан. Тэмцээний гол төрөл зуун буудалт даамын эрэгтэйчүүдийн тэмцээнд 28 тамирчин швейцарь системээр найман өрөг тоглосноос “Хасу-Мегаватт” компанийн тамирчин ДДХМ Дэлэгийн Баттулга 13 оноогоор (зургаа хожиж, нэг тэнцэн, нэг хожигдсон) аваргаллаа. Тэрбээр сүүлийн гурван өрөгт их мастер Д.Эрдэнэбилэг, Узбекистаны гол найдвар ОУМ Алишер Артыков, 2007 оны өсвөрийн дэлхийн аварга ДДХМ Г.Гэрэлболд нарыг дараалан буулгаж авч, олон улсын их мастер цол (GMI)-ын болзлыг хангалаа. Харин Ази тивийн АШТий дөрвөн алт, нэг мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 12 оноогоор удаалж, Хятадын ¹1 чансаатай тоглогч Жоу Вэй хүрэл медалийн эзэн боллоо. Түүнчлэн манай тамирчин ДДХМ Г.Гэрэлболд, спортын мастер Э.Энх-Эрдэнэ нар шагналт V, VI байр эзэлсэн байна.
Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд 16 даамчин мөн найман тавил өрсөлдөхөд Монголын даамчин ДДХМ Эрдэнэцогтын Мандахнаран 12 оноогоор итгэл төгс тэргүүлсэн юм. Эхний дөрвөн өрсөлдөгчөө дараалан хожсон тэрбээр сүүлийн дөрвөн учраатайгаа тэнцсэн юм. Түүний араас зургаан тамирчин тус бүр 10 оноотой гарсан бөгөөд коэффициентийн давуугаар өмнөд хөршийн Лиан Бо, Ян Жиа нар медальд хүрч, манай тамирчин М.Хишигбаяр, Г.Энхтуяа нар VI, VII байр эзэлсэн. Залуучуудын ангилалд алтан медалийг Узбекистаны Самандар Калановт алдсан ч бүсгүйчүүдийн ангилалд бүх медалийг манайхан хамсан. Уг насанд түрүүлсэн спортын мастер А.Дашбаяр ирэх долдугаар сард гарах FMJD-гийн чансаагаар холбооны мастер цол хүртэх ажээ. Харин кадет буюу өсвөр үеийн 14-16 насанд манай охид, хөвгүүд боломжит зургаан медалийг бүгдийг нь авсан.

Ялангуяа БТСДуС-ийн сурагч, спортын мастер Ц.Сүхбат өөрийн насны гол өрсөлдөгч Ц.Отгонбилэг, Бүх Хятадын 2012 оны насанд хүрэгчдийн аварга Шион Жиён нарыг хожин аваргалсан нь дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн анхаарлыг өөрийн эрхгүй татсан юм. Мини кадет буюу 11-13 насны хөвгүүдийн төрөлд дэд мастер М.Шийрэвжамц тав хожиж, гурав тэнцсэн амжилтаар алтан медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн онд Малайзад болсон тивийн аваргад түрүүлж, их мастер цол хүртсэн М.Нямжаргалын төрсөн дүү нь билээ.
Харин hope boys буюу 8-10 насны үндсэн болон блиц тэмцээнд Өмнөговь аймгийн тамирчин С.Мөнх-Оргил хоёуланд нь түрүүлж, нэгэн өвөрмөц амжилтын эзэн боллоо. Түүний нэгэн адил манай 11 тамирчин хоёр болон түүнээс дээш медаль хүртжээ. 5-7 насанд Б.Сүхбат (Орхон), 11-13 насанд Г.Хэрлэнмөрөн (БЗД), 14-16 насанд Ц.Отгонбилэг (БГД) нар хамгийн олон буюу тус бүр гурван медаль хүртсэн юм. Ийнхүү монголчууд Ташкентаас зуун буудалт даамаар 21 (7 алт, 7 мөнгө, 7 хүрэл), блиц буюу түргэн тоглолтоор 21 (7 алт, 8 мөнгө, 6 хүрэл), бразил даамаар 4 (3 мөнгө, 1 хүрэл), нийт 46 медаль хүртлээ.
АЗИЙН АШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД
Эрэгтэй
Хэзээ Хаана Алт Мөнгө Хүрэл
1999 Улаанбаатар (Монгол) 1.Д.Эрдэнэбилэг (Монгол) 2.Н.Мищанский (Узбекистан) 3.О.Түвшинболд (Монгол)
2001 Эрдэнэт (Монгол) 1.Д.Эрдэнэбилэг (Монгол) 2.М.Амриллаев (Башкиртостан) 3.Г.Колесов (Саха)
2003 Чандигар (Энэтхэг) 1.Д.Эрдэнэбилэг (Монгол) 2.Г.Ганжаргал (Монгол) 3.Г.Сарсекеев (Казахстан)
2010 Улаанбаатар (Монгол) 1.Д.Эрдэнэбилэг (Монгол) 2.А.Артыков (Узбекистан) 3.Р.Манлай (Монгол)
2012 Куала-Лумпур (Малайз) 1.Г.Ганжаргал (Монгол) 2.Д.Эрдэнэбилэг (Монгол) 3.О.Түвшинболд (Монгол)
2013 Ташкент (Узбекистан) 1.Д.Баттулга (Монгол) 2.Д.Эрдэнэбилэг (Монгол) 3.Жоу Вэй (БНХАУ)
Эмэгтэй
2010 Улаанбаатар (Монгол) 1.С.Юлдашева (Узбекистан) 2.Н.Бозорова (Узбекистан) 3.М.Нямжаргал (Монгол)
2012 Куала-Лумпур (Малайз) 1.М.Нямжаргал (Монгол) 2.Жао Ханчин (БНХАУ) 3.Э.Мандахнаран (Монгол)
2013 Ташкент (Узбекистан) 1.Э.Мандахнаран (Монгол) 2.Лиан Бо (БНХАУ) 3.Ян Жиа (БНХАУ)

М.ОРГИЛ