Энэ сарын 4-7-нд Азербайжаны нийслэл Бакуд болсон FIDE-гийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаар дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөх Вишиванатан Ананд, Магнус Карлсен хоёрын халз тулааныг арваннэгдүгээр сард Энэтхэгийн Ченнай хотод явуулах шийдвэр гаргажээ.
(Дэлхийн аварга Анна Ушенина, “Том цом”-ын эзэн Хоу Ифань нарын тоглолт ирэх есдүгээр сард БНХАУ-ын Тайжоу хотод болно).
Мөн энэ хурлаас Монголын шатарчин Гомбосүрэнгийн Мөнхгалд олон улсын мастер цол олгов.
СОНИРХОГЧДЫН УАШТ БОЛОВ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Удирдлагын академийн байранд “Монгол говь 2013” шатар сонирхогчдын УАШТ зохиогдож, 160 тамирчин швейцарь оноолтоор найман тавилд өрсөлдсөнөөс Б.Ангараг (СБД) түрүүлэн, нэрт шатарчин Л.Санжаажамцын нэрэмжит цомыг хүртлээ. Мөнгө, хүрэл медалийг А.Дөлгөөн (Хан-Алтай), Б.Боорчи (Ихэр бэрс) нар хүртэж, Б.Жавхлан (БЗД), Н.Даваа-Очир (МХО), Б.Болд-Эрдэнэ, Б.Дүүрэнбаяр (Аврагч), Г.Батбилэг (Хөх морь), Г.Ганболд, П.Бүжинлхам, Б.Тэнгис, Б.Оюударь нар шагналт байруудад шалгарлаа. Долоо дахь жилдээ зохиогдсон уламжлалт тэмцээнийг Говийн хөгжлийг дэмжигч ТББ-ын нэгдсэн холбоо, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Өмнөговь аймгийн ИТХ, “Цэцэн нүүдэл” клубүүд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулжээ. Энэ үеэр болсон тамирчид, дэмжигчид болон сонирхогчдын хурлаас Монголын шатар сонирхогчдын холбоог байгуулж, ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг сонгосон байна.
СУРАГЧДЫН ДАШТ ЭХЭЛЛЭЭ
Энэ сарын 7-15-ны өдрүүдэд Грек улсад 7-17 насны зургаан ангилалд явагдаж буй сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 17 тамирчин өрсөлдөж байна. Тэмцээний эхний тавилд 2012 оны сурагчдын дэлхийн аварга ФМ Ц.Лхагвасүрэн, Ази тивийн өсвөрийн үнэмлэхүй аварга Е.Төгстөмөр нарын 10 шатарчин ялалт байгуулжээ.
Л.ТОГООХҮҮ