МҮАН-ын бүгд хурал өчигдөр “Чингис” зочид буудалд болж, нийтийн хүлээлтээс тэс өөр шийдвэр гаргалаа. МҮАН-ын Удирдах зөвлөл сонгуульд дангаар оролцож, намын дарга М.Энхсайханыг нэр дэвшүүлэх нь зөв гэж үзсэн ч намын удирдах дээд байгууллагаас өөр шийдвэр гаргасан нь энэ. Уг хуралд намын дарга М.Энхсайхан илтгэл тавихдаа, түүхэнд нэг намд улс төрийн эрх мэдлийг бүгдийг нь атгуулж байсан үе үгүй. Харин 2012 онд ард түмэн АН-д ийм боломж олгосон учраас түүхэн боломжийг ашиглах нь бүгдийн эрх ашигтай холбоотой хэмээн дурджээ. Мөн “АН-аас Ц.Элбэгдоржийг дэвшүүлэхдээ өнөөдрийн Монголд бий болсон гадаад, дотоод нөхцөл байдлыг бодолцсон байх.
Цагаан морин жилийн ардчиллын галыг хамтран асаалцаж явсан Ц.Элбэгдорж алдаа, оноо, хийх ажлаа мэднэ, түүнд улс төрийн эрмэлзэл байгаа. Тэгээд ч Ерөнхийлөгч гэдэг хүнийг ард түмэн өөрсдөө сонгож бойжуулдаг, асар үнэ цэнээр бий болгодог хүмүүн биет их хөрөнгө. Түүнийг Монголын төрд, олон түмний эрх ашигт ахин ашиглах нь зүйтэй хэмээн бодож байна” гэсэн байна. Хуралд Бүгд хурлын 70 гаруй гишүүн оролцож, санал бодлоо илэрхийлжээ. Тэдэн дунд “МҮАН сонгуульд дангаар өрсөлдөх ёстой” гэсэн байр суурьтай хүн цөөнгүй байсан ч олонхийн саналаар АН-ыг дэмжиж оролцохоор болов. ИЗНН-ын Үндэсний хорооны хурал өчигдөр Хууль зүйн үндэсний төвд болов.
Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг судлах Ажлын хэсгийг тус нам байгуулсан аж. Ажлын хэсгээс Үндэсний хорооныхоо хуралд уг сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцох санал оруулсан байна. Мөн Ц.Элбэгдоржийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт шударга ёс, авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэх, ногоон хөгжлийн бодлоготой холбоотой, нийгмийн хамгааллын асуудлыг оруулах болзол тавьсныг АН-ын тал хүлээн авсан байжээ. 2009 онд ИЗНН мөн л АН-ыг дэмжсэн. Өнгөрсөн дөрвөн жилд Ц.Элбэгдорж дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажилласан учир энэ удаа ч бас итгэл хүлээлгэн дэмжих нь зүйтэй гэж тэд үзсэн юм байна. Үндэсний хорооны гишүүд нь Ажлын хэсгийн оруулсан саналыг дэмжсэнээр ИЗНН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоор боллоо.
С.УУЛ