УИХ-ын баасан гаригийн үдээс хойших чуулганаар гэнэт л тангараг өргүүлэх асуудлыг оруулав. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазарын тухайд хууль эрх зүйн хувьд тангараг өргөхөд саадгүй болсон. Гэвч түүнийг Өвөрхангайн Д.Зоригтынхтой хамт тангараг өргүүлнэ хэмээн олонх үзсэн юм. МАН-ынхан нэг өдөр эсэргүүцсэн ч эцэстээ тохиролцоонд хүрсэн бололтой. “Увсын хоёроороо МАН-ынхан АН-тай тохиролцсон” гэсэн хардлага ч байгаа юм. Юутай ч энэ өдрийн хэлэлцэх асуудлын хуваарьт уг асуудал байгаагүй ч шаардлагатай бол санал хураагаад дараалалд оруулж болдог дэгтэй. Үүний дагуу санал хурааж, 54.4 хувийн саналаар гишүүдийн тангараг өргөх асуудлыг хэлэлцсэн юм.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын 10, 26 дугаар тойргийн хорооны дүнг танилцуулсан. Үүний дараа гишүүд асууж, саналаа хэлэв. Өвөрхангайн асуудал шийдэгдсэн байсан юм бол Д.Зоригт яагаад Г.Батхүүтэй хамт тангараг өргөөгүйг Ж.Батзандан лавлаад СЕХ зохион байгуулалт муу ажиллаж, бантан хутгаж байна хэмээн шүүмжлэв. Сонгуулийн дүнг 2012 оны аравдугаар сард хамт өргөн барьсан, тангараг өргүүлэх эсэхийг СЕХ биш, УИХ шийддэг хэмээн Ч.Содномцэрэн дарга хариуллаа. “Худалдагдсан шүүхийн байгууллагаар дамжуулан иргэдийн саналыг дээрэмдэж байна, Монголд ардчилал алга” хэмээн Су.Батболд гишүүн ярьсан. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Манай гишүүд хуралдаанд орж ирэхгүй болохоор Д.Сумъяабазарыг тангараг өргүүлэхгүй байна. Хамгийн бага санал авсан хүнийг СЕХ ард түмнээсээ сонгогдсон гэж үзлээ. Өвөрхангайд хэн, хэдэн санал авсан бэ. Шүүхийн шийдвэр хууль зөрчиж гарсныг СЕХ юу гэж үзэх вэ” хэмээн асуув.
СЕХ-ны дарга түүнд “Д.Зоригт 16795 хүний буюу 34 хувийн санал авсан. Нэр дэвшигч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан бол УИХ-д сонгогдох бүрэн эрхтэй. Н.Чинзоригийн авсан саналыг хүчингүй болгосон. Яагаад гэдэгт СЕХ хариулахгүй. Бид шүүхийн шийдвэрийг шүүхгүй” гэсэн хариулт өгсөн. С.Чинзоригийн авсан санал хүчингүй болсон тул тоог хэлэхгүй гэсэнд нь МАН-ынхан дургүйцэв. Баасан гаригт 19.00 цаг өнгөрч байхад гэнэт энэ асуудлыг оруулж ирснийг тэд шүүмжилж байлаа. Улмаар насаар ахмадаараа Д.Зоригт гишүүн тангаргийн үгийг уншиж, Д.Сумъяабазар даган хэлэв. Ийнхүү бараг бүтэн жилийн дараа УИХ хэл амтай ч гэсэн элэг бүтэн боллоо. Д.Сумъяабазар гишүүн алдсан нэг жилээ нөхөхийн тулд шаргуу ажиллахаа амлана лээ. Д.Зоригт гишүүн “Сонгууль хуулийн дагуу болсон ч Өвөрхангай аймагт маргаан гарсан. Шат шатны шүүх дамжиж, СЕХ-ны шийдвэр гарч, тангараг өргөсөндөө баяртай байна. Хуулийн заалт, шүүхийн шийдвэр хэрэгжлээ. 11 сар гаруй хугацаанд өвөрхангайчууд төлөөлөлгүй явсан учраас сонгогчид, монголчуудынхаа эрх ашиг, тэр дундаа бизнес хийдэг, баялаг бүтээдэг хүмүүсийн төлөө ажиллах болно” гэв. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд өрөөндөө мэдээлэл хийжээ.
Тэрбээр “Чуулган дээр ярьсан зүйлүүд нь Сонгуулийн шинэ хуулиас улбаатай. 2008 оны сонгуулийн дараа бослого гарч, таван хүн амиа алдсан. Тэрхүү хатуу сургамжид тулгуурлаж, шинэ хууль гаргасан юм. 2008 оны сонгуулийн хуульд нэрсийн жагсаалтаас хасдаг заалт гуравхан байсан. Одоогийн хуульд 35 заалт байгаа. Тэгэхээр 2012 оны сонгуулийн өмнө баталсан Сонгуулийн тухай хууль их хатуу, чанга. Нэг л удаа алдаа гаргасан бол жагсаалтаас хасаж, ялсан ч хасагддаг, УИХ гишүүн болж орж ирсэн ч хасдаг ийм 30 гаруй заалтыг тусгаж өгсөн. Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хасаад байгаа заалт 2008 онд хэрэгжиж байсан Сонгуулийн тухай хуулиас үүдэлтэй. Сонгуулиар МАХН-ынхан тэвэрч байгаад хүүхэд бүрт арван мянган төгрөг өгөх тухай яриад оноо авдаг байсан учраас үүнийг шинэ хуулиар хориглосон. Сонгуулийн үеэр нэг хүүхэд тэврээд зураг авахуулахад л хасдаг хатуу заалт байсан. Одоо ч гэсэн нэг хүүхдийг сонгуулийн штабад ажиллуулахад нэрсийн жагсаалтаас хасна.
Өвөрхангайн тойргийн хорооныхон МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн байна, үүнийг нь сануулж байна гэснийг шүүх авч хэлэлцээд, сануулах бус, нэр дэвшигчийн жагсаалтаас хасах ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Хуулийг харвал яг л тийм байгаа. Хэн хэдэн санал авсан нь хамаагүй гэсэн үг. Зургаан мянган хүний саналын илүүтэй ч хасагдлаа гэж ярьж байгаа нь буруу. Ер нь 35.15, 35.18 дахь заалт нь өчүүхэн шалтгаанаар нэр дэвших эрхээ, УИХын гишүүний бүрэн эрхээ алдаж болох хатуу зохицуулалт гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Үүнийг хуульчилж оруулсан нь төр өөрийгөө цэвэрлэхийн зэрэгцээ санал худалдаж авдаг байдлыг таслан зогсоох гэсэн арга. МАН-ынхан ч нэр дэвшигчдээ хууль зөрчсөнийг шүүхийн шийдвэр гарсны дараа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ чуулганы танхимд хүлээн зөвшөөрөөгүй юм шиг аашилж байна. Ийм жишгээр УИХ-ын гишүүдийн тоо бүрдлээ” гэлээ.
С.ТУУЛ