“Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин өчигдөр Монголд зургаан цаг саатаад буцав. Түүний ирсэн гол зорилго нь шинэ төмөр замын төслийн талаар ярилцах байсан нь мэдээж. В.Якуниныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг 12.00 цагт хүлээн авч уулзсан. Монгол Улсад хэвтээ тэнхлэгийн дагуу барих шинэ төмөр замын төслийн хамтын ажиллагааг тодорхой болгох яриа хэлэлцээ хийх боломж олгосон Ерөнхий сайдад тэрбээр талархаж буйгаа илэрхийлжээ. Төслийн хөрөнгө оруулалт, менежментийн асуудалд хоёр талын эрх ашгийг хүндэтгэх нь чухал болохыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, “Хамтын ажиллагааны механизмаа нарийвчлан тодорхойлж, цаашид илүү хурдтай урагшлах шаардлагатай байна.
Стратегийн түншлэлийн харилцаатай, мөнхийн хөрш манай хоёр орны харилцан үр ашигтай хамтын ажиллагаанд тээвэр, ложистикийн дэд бүтэц ихээхэн үүрэгтэй тул шинэ төмөр замын төслийн ажилд онцгой анхаарч байна” хэмээн энэ үеэр тэмдэглэн хэлсэн бол ноён В.Якунин “Бидний хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгаа ч цаашид төслийн үйл ажиллагааг өргөжүүлж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэн, хамтран ажиллах хэрэгтэй байна” гэжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлснээр ашигтай ажиллах нөхцөл бүрдээд байгааг хоёр тал тэмдэглэсэн байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын төмөр замыг хөгжүүлэх боломжтой хувилбаруудыг дэмжин хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс анхаарал тавин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
В.Якунин үдээс хойш Зам тээврийн сайд А.Гансүхтэй уулзаж, ярилцсан боловч уулзалт хаалттай болсон байна.